Өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 7369 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 47,5 хувиар буурсан бол Нийслэлд 54,9 хувиар, орон нутагт 27,8 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 96,99 хувийг, мэргэжлийн хяналт 0,33 хувийг, онцгой байдал 0,08 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,61 хувийг нь шалган шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай хуульд зааснаар нийт 6554 хүн шийтгүүлсэн нь 51,4 хувиар, 9 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 62,5 хувиар буурчээ.
Дээрх хугацаанд ихэнх төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Хулгайлах зөрчил 1 дахин, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 54,8 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 49,4 хувиар, хүний биед халдах зөрчил 34,1 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 30,1 хувиар буурсан нь хамгийн өндөр хувьтай байна.
Харин өмнөх долоо хоногт өсөх хандлагатай байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 10,8 хувиар, орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 32,1 хувиар мөн адил буурчээ.
Энэ долоо хоногт төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил Нийслэлд 18, орон нутагт 11, нийт 29 бүртгэгдэж 61,1 хувиар өссөн ба дийлэнх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт болон Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудад үйлдэгджээ.
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил дээр дурдсанаар тодорхой хувиар буурсан боловч Нийслэлд, тэр тусмаа Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энэ төрлийн зөрчлийн гаралт буураагүй байна.
Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар