Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос төслийн талаар мэдээлэл сонсов.
Гишүүд хүүхдийн хөдөлмөр, ажлын байран дахь бэлгийн дарамт, туслах малчин, гэрийн үйлчлэгчийн тухай, цахим ажлын байрны талаар хуульд хэрхэн тусгах талаар санал солилцлоо. Мөн коронавирусний дараах өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохирсон Хөдөлмөрийн хуультай болох ёстой. Хөдөлмөрийн харилцааг ажилтан, ажил олгогчоор хязгаарлахгүй цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэв. Мөн Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авахгүй гэдэгт санал нэгдсэн байна.
Түүнчлэн цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд С.Мэндсайханаас мэдээлэл сонслоо гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээллээ.