Багануур дүүргийн тохижилт үйлчилгээний ажилтнуудын цалин 2021 оны нэгдүгээр сараас эхлэн 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн шинэ оны ажлын эхний өдөр дүүргийг цэвэр цэмцгэр байлгах, амьдрах орчныг сайжруулахаар ажиллаж буй “Багануур тохижилт” ОНӨААТҮГ-ын ажилчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна.
Уулзалтын эхэнд 2021 онд хийж хэрэгжүүлэх болон хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулсан ба тус байгууллагын ажилчдын зүгээс төр захиргааны байгууллагаас анхаарч ажиллаж автомашины парк шинэчлэлийг хийсэнд сэтгэл хангалуун байгаа илэрхийлсэн байна.
Засаг дарга С.Даваасүрэн: “Багануур дүүргийг маш цэвэр цэмцгэр хот гэдэг тийм байлгахын төлөө зогсолтгүй зүтгэж байгаа та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. “Багануур тохижилт” ОНӨААТҮГ нь энэ оноос хоёр хуваагдаж нэг хэсэг нь тохижилтоо хариуцаж нөгөө хэсэг нь “Багануур гэрэлтүүлэг, чимэглэл” ААТҮГ нэршилтэйгээр гэрэлтүүлгээ хариуцаж үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Гэсэн хэдий ч ажилчдын хувьд цалин хөлс болоод бусад зүйлд өөрчлөлт байхгүй. Оны эхнээс ажилчин бүрийн цалин 50000 төгрөгөөр нэмэгдэж байна” гэжээ.
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар