[starbox]
-Ураг төрлийн холбоотой, ижил хүрээлэл дунд байдаг Трамп, Жаред нар харилцан бие биедээ итгэж, үр дүнтэй ажиллахаас өөр яах вэ –
АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргааны хамгийн нэр нөлөө бүхий зүтгэлтний нэг, Дональд Трампын хайртай охин Иванкагийн нөхөр Жаред Кушнерийг сонгуулийн кампанит ажлынхан нь “саарал кардинал” хэмээн дууддаг байжээ. Трамп ялалт байгуулснаар Кушнер улс төрд жин дарах нэгэн болж, зарим оронтой харилцаа холбоотой сайжруулах, Ерөнхийлөгчийн амлалтаа биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих албан тушаалд очжээ. Түүний улс төрийн Олимпийн замнал дардан байсан боловч удам угсааг нь харвал тийм ч дардан амьдарч байгаагүй аж. Гэвч Кушнерийн өвөг дээдэс АНУ-ын иргэдийнхээ өмнө бий болгодог бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадсан байна.
Жаред Кушнер өнгөрсөн оны аравдугаар сард “The New York Observer” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Гэр бүл бүхнээс илүү эрхэм” хэмээжээ. Үнэхээр ч түүний намтар түүхийг ажиглавал энэ бүгдийг баталж болохоор аж. Хэлсэн үгэндээ хүрдэг занг тэрбээр Белоруссын нацист түрэмгийллийн нөхцөлд золоор амьд гарсан эмэг эх Раисагаасаа өвлөж авсан гэнэ.
Амьдралын төлөөх тэмцэл
1941 он. Баруун Белорусс. Герман улс ЗХУ-д халдан довтолсон мөчөөс хойш хоёр долоо хоногт ч өнгөрөөгүй байлаа. Улаан армийн хүрээлсэн хэсэг Новогрудокт сөнөж мөхөж байхад немцүүд Минскийг, дараа нь Новогрудокийг эзлэн авчээ.
Хотын бүх еврейг хувцсан дээрээ шар өнгийн од оёхыг шаардаж байв. Эмч, хуульч зэрэг оюуны ажил эрхэлдэг хүмүүсийг шууд л хотын төв талбайд бууджээ. Ингээд талбайг будсан цусыг угаахын тулд 50 еврей охиноор цэвэрлэгчдийн отряд байгуулсан байна. Тэдний тоонд Рая Кушнер байжээ.
Золгүй хэдэн арван мянган хүнийг Новогрудокийн еврейчүүдийн хороонд туун авч ирч, үе үе цэвэрлэгээ хийж байлаа. 1943 оны дундуур Раягийн ээж, нэг эгч нь нас барж, хөөрхий охин аав, ах, хоёр дахь эгчтэйгээ үлджээ.
Тэр үед 500 хоригдол нацист шоронгоос оргохоор шийдэж, гараараа хонгил ухаж эхэлсэн байна. Ийнхүү тэд оргож чадсан боловч Раягийн ах нь амиа алджээ. Кушнерийн гэр бүлийн үлдсэн хүмүүс нь Бельскийн ах дүү нарын партизан отрядад нэгдэж, Улаан арми ирэхийг хүлээжээ.
1945 онд дайн дууссаны дараа Рая отрядад танилцсан Иосиф Беркович хэмээх мужаантай гэрлэжээ. Тэд хууль бусаар явганаар Итали руу гарч, дүрвэгчдийн лагериас Америкийн виз авсан байна.
Боломж бололцооны орон
Иосиф АНУ-д Жозеф нэрээр ирж, эхнэртэйгээ Нью-Йоркийн Бруклин дүүрэгт суурьшжээ. Ингээд Нью-Жерсийн барилгуудад ажиллаж эхлэв. “Сүхчин Жо” таунхаусуудыг дор нь барьж, хөлслүүлэн дорхноо төвхнөжээ. Кушнерийнхэн ийнхүү асар богино хугацаанд хөрөнгө чинээтэй болсон байна. Тэднийх Мюррей, Чарли хэмээх хоёр хүү, Эстер хэмээх нэг охинтой болжээ.
Эцэг нь нас барахад гэр бүлийн ажил хэрэг Чарльзын гарт шилжив. Тэр ажилдаа амжилт олж, 20 мянган орон сууц, банкны болон зочид буудлын бизнест хувь эзэмшдэг болж эхэлжээ.
Кушнерийнхэн сайн үйлсэд ч мөнгө харамгүй зориулдаг байсан юм. Тэд ешив буюу жүүдийн сургуулийн барилгуудыг санхүүжүүлж, зовлонд нэрвэгдсэн хүмүүст тусалж байв. Раиса Кушнер бол АНУ-ын Холокостын музейг байгуулалцсан хүмүүсийн нэг юм.
1981 онд Чарльзын гэр бүлд Жаред хүү төржээ. Тэрбээр авга, нагац, үеэлүүд нь үргэлж л баярын оройн зоогт зочлон ирдэг, хоорондоо эв найртай, шашинлаг гэр бүлд өссөн байна.
Кушнеруудын уналт
Чарльз Кушнер улс төр сонирхож, АНУ-ын Ардчилсан намын нөлөө бүхий донор болжээ. Тус улсын нэртэй улстөрчид, тэр ч бүү хэл Хиллари Клинтон хүртэл тэднийг зочлон ирдэг байв.
Чарльз Кушнерийн санхүүгийн дэмжлэгийн ачаар Жим Макгриви Нью-Жерси мужийн амбан захирагчаар сонгогджээ. Чарльзын түүнд өгсөн хандив дээд хязгаартаа хүрсэн тул гэр бүлийнхээ бусад гишүүний нэрийн өмнөөс ч мөнгө шилжүүлж байжээ.
Амбан захирагч ч ялмагцаа өрөө эргүүлж өгөхөөр яаравчилж, Кушнерийг Нью-Йорк, Нью-Жерсийн боомтын удирдлагын тэргүүнд нэрийг нь өгөх санал тавьжээ. Ингэснээр Чарльз Кушнер 2001 оны есдүгээр сарын 11-нд сүйрсэн ихэр хоёр цамхгийг сэргээх том төсөл авах боломжтой болох байв.
Гэвч энэ санаа бүх хүнд таалагдсангүй. Чарльзын төрсөн дүү, нэгэн цагт хамтрагч нь байсан ч сүүлдээ бизнесийн өрсөлдөгч болсон Мюррей нь түүнийг хэт үрэлгэн байна гэж буруутгажээ. Мюррей гэрчээр “Kushner Companies” холдингийн хуучин нягтланг өөрийн талдаа оруулж, өнөөх нь Чарльзыг байгууллагынхаа эргэлтийн мөнгөнөөс хууль бусаар авч, улстөрчдөд хандивласан гэж мэдэгдсэн байна.
Алдарт гэр бүлийн дуулиан ч Нью-Жерсийн прокурор Крис Кристигийн анхаарлыг татаж, тэр шууд л Чарльз Кушнерт албан ёсоор хэрэг үүсгэв. Энэ үед Чарльз боомтын удирдлагын тэргүүний сонгуулиас нэрээ татаж, төрсөн эмэгтэй дүү Эстерээ мөрдөн байцаагчид тусалсан гэж боджээ. Ийнхүү тэрбээр охин дүү Эстерээсээ өс хонзон авахын тулд түүний нөхөр рүү биеэ үнэлэгч явуулж, нөхрийнх нь араар тавилтыг бичлэг болгон баталгаажуулаад дүү рүүгээ явуулсан байна. гэвч тэр гэрчийнхээ гэр бүлийг нураах гэсэн оролдлого нь түүнд дарамт учруулж, мөрдөн байцаалтын явцыг зөрчих оролдлого болно чинээ тооцоолоогүй аж. Ингээд Чарльз өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унаж, үйлдсэн гэм нүглээ хүлээсэн байна. Түүнд татвараас зайлсхийсэн, гэрчид нөлөөлөхийг оролдсон, улс төрийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэн зэрэг хэргээр 2005 онд хоёр жилийн хорих ял оноосон юм.
Прокурор Кристи ч хийсэн үйлдэлдээ баяртай байсан бөгөөд энэ хэрэг түүний 10 жилийн дараах карьерыг нь нураана чинээ бодоогүй биз ээ.
Гэр бүлийн шинэ алдартан
Энэ хугацаанд хүү Жаред нь Харвардыг төгсчээ. Тэрбээр сурлага сайтайдаа, эсвэл аавынхаа хэдэн сая ам.долларын хандиваар тус сургуульд элссэн нь мэдэгдэхгүй ч ямар ч зүйл тохиолдсон гэр бүлийнхээ нэр хүндийг эргэн сэргээх хэрэгтэй гэдгийг ухаарчээ. Ингээд тэр хэвлэн нийтлэх боломжоо өргөжүүлэхийн тулд боловсролтой, нөлөө бүхий хүмүүсийн дунд алдартай “The New York Observer” сониныг авсан байна.
Чарльз ч нэг жил хагасын хугацаанд хоригдож байгаад гарч иржээ. Гэвч тэр компанийнхаа тэргүүний суудалд дахин очсонгүй. Намтар түүх нь цэвэр хүн зээл авахад хялбар гээд Жареддаа суудлаа өгчээ. Аав хүү хоёр гар нийлэн ажилласаар бизнесээ оргилд хүргэж, тун удалгүй гэр бүлийн өмчид Нью-Йоркийн хэд хэдэн цамхаг, Бруклин-хайтс дүүргийн ихэнх хэсэг багтав. Кушнеруудын компанийн ажилчдын тоо 70-аас 700 болж өргөжжээ. Ийм их амжилтын дунд Чарльзыг өмнө нь хэрэгт холбогдож байсан тухай хэн ч эргэн дурссангүй.
Жаред 2007 онд ажил хэрэгч зоогийн үеэр барилгын магнат Дональд Трампын охин Иванкатай танилцсан байна. Хоёр жилийн дараа Иванка Кушнерийн гэр бүлийн зөвлөгөөгөөр жүүдийн шашинд нэгдэж, Жаредтай хуримаа хийжээ.
Вашингтоныг довтолсон нь
2015 оны зургаадугаар сард Дональд Трамп Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх бодолтой байгаагаа зарлахад Жаред хүргэнийхээ үүргийг гүйцэтгэн түүнд шууд туслахаар болов. Гэвч тэр засаглалын төлөө огт санаархаж байсангүй. Түүнээс гадна Жаред ардчилагчдыг дэмжигч гэр бүлд төрж өссөн байдаг.
Хожим нь Кушнер ярихдаа бүх зүйл 2015 оны арваннэгдүгээр сарын 9-нд өөрчлөгдсөн гэнэ. Энэ өдөр Иллинойс мужийн Спрингфилд хотод бага хурлын асар том зааланд Дональд Трампын уулзалт болсон юм. Энэ уулзалтад түүнийг дэмжигч 10 мянган хүн цугларсан байсан бөгөөд уулзалтаас л Жаред жинхэнэ улс төр гэж юу байдгийг мэдэрчээ.
Тэрбээр олон асуудалд хандах хандлагаа өөрчилж эхлэв. Тухайлбал, өмнө түүнд цагаачлалын асуудал гэхээр Цахиурын хөндийд орж ирэх мэргэжилтнүүдийн урсгал л төсөөлөгдөж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай яриаг зөвхөн экологичдын мэдээллээс авч, нүүрсний аж ахуйн ажилчдын хэрэгцээ шаардлагыг огт мартсан байжээ. Кушнер Трамптай хамт улс орноороо явж, Америкийн бодит байдал, энгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг нь нүдээр үзсэн байна.
Тийм болохоор Трампын ажилд ханцуй шамлан орж, түүнд зөвлөхүүд олж өгч, хэлэх үгийг нь бэлдэлцэж, интернэтэд суртал ухуулга явуулах стратеги болон мөнгө цуглуулах кампанит ажилд нь тусалсан аж.
Жаред “Facebook” ашиглан “Америкийг дахин агуу болгоно” гэсэн уриатай саравчтай малгайг моодонд оруулж чаджээ. Энэхүү зар сурталчилгаа нэр дэвшигчийн кампанит ажилд өдөр бүр 80 мянган ам.доллар оруулж байлаа. Трампын онлайн кампанит ажлыг зохицуулагч Брэд Парскейл хүртэл “Жаред бол зүгээр л рок од. Жинхэнэ галзуу эрдэмтэн” хэмээн мэдэгдсэн байна.
Засаглалын оргилд
Трамп ялалт байгуулснаар Кушнерт гэр бүлийг нь гомдоосон хүнээс өшөө авах боломж гарчээ. Эцэг Чарльк Кушнерийг нь шоронд явуулж дөнгөсөн Крис Кристи хэдийгээр Трампыг дэмжигч ч Жаредын хүч чармайлтаар Ерөнхийлөгчөөс хөндийрч, төрийн тэргүүний засаг захиргаанд албан тушаал горилох боломжгүй болжээ.
Харин Жаред Кушнерийн хувьд Цагаан ордон дахь хамгийн шилдэг өрөөнд байрладаг юм. Түүний ажлын өрөө Ерөнхийлөгчийн гал тогоотой зэрэгцэн оршдог бөгөөд элдэв хэрэггүй эд зүйлс, ханын зураггүй. Энд Жаред бичгийн том ширээний ард суугаад Америкийн чухал гэсэн асуудлуудыг шийдвэрлэдэг. Түүний хувьд Саудын Арабт зэрэг худалдах тухай гэрээ, Хятад, Израиль, Канад, Мексикийн харилцаа, дайчдын асуудал эрхэлсэн яамыг шинэчлэх, хар тамхины худалдаатай тэмцэх гээд олон төсөл хөтөлбөрийг хариуцан ажилладаг.
Кушнер олны өмнө байх дургүй бөгөөд хэвлэлийнхнээс зайгаа барьдаг, сэтгүүлчидтэй бичлэггүйгээр яриа хийх сонирхолтой гэнэ. Кушнер улс төрийн салхи түүний эсрэг чиглэх вий хэмээн эмээлгүй удаан хугацааны төсөл дээр тун тайван ажилладаг. Трамп ч, Жаред ч бат бөх гэр бүлийн үнэ цэнийг маш сайн мэднэ. Тэр хоёр хоёулаа Нью-Йоркийн бизнесийн хүрээллээс ирсэн бөгөөд хоёулаа улс төрд шинэлэг хүмүүст тооцогдоно. Хоорондоо төрлийн холбоотой, ижил хүрээлэл дунд байдаг тэдэнд харилцан бие биедээ итгэж, үр дүнтэй ажиллахаас өөр юу хэрэгтэй байх билээ?