Өнөөдрөөс малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлнээ. Иймд орон нутгийн ИТХ-аас малын хөлийн татварын хэмжээг тогтоож ОНХС-д хуримтлуулах юм.
Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна.
Иймээс орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хүрэлцээ, мал сүргийн бүтэц зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх зорилгоор сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоож ОНХС-даа хуримтлуулан зарцуулах эрхийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс олгохоор төлөвлөсөн байна.
Малын тоо толгойн албан татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зарцуулахаар тусгасан юм. Малын тоо толгойн албан татварын дээд хэмжээг 2000 төгрөг байхаар тогтоожээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсад 2019 оны эцсээр 70.9 сая толгой мал тоологдсон бөгөөд малын хөлийн татварыг 2000 мянган төгрөгөөр тооцвол 142 тэрбум, 1000 төгрөгөөр тооцвол 71 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой.
Б.Эрдэнэ