Тээврийн цагдаагийн албанаас хот доторх болон хотоос орох, гарах шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.
Албан хаагчид өглөө, өдөр, шөнийн гэсэн гурван ээлжээр 24 цагийн туршид гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт хийж байгаа. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн сүүлийн долоо хоногийн хугацаанд хязгаарлалтай холбоотойгоор хөдөлгөөний эрчим буурч, авто замын ачаалал 70 гаруй хувиар буурчээ.
5 салбарын ажилтан, албан хаагчдын QR код бүхий тусгай зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа.
Үүнтэй холбоотойгоор зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 2019 оны мөн үеийн долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад 61.5 хувиар буурсан. Түүнчлэн зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага 74.2 хувиар багассан байна.
Арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш 485 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж, 14 гэмт хэргийн улмаас дөрвөн хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 151 зөрчлийг илрүүлжээ.
Иргэд та бүхэн хариуцлагатай байж амны хаалтаа зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиж, гэртээ байхад анхаараарай.
Тээврийн цагдаагийн алба