Монголбанкны Хяналтын зөвлөл 2020 оны ээлжит хурлаа 12 дугаар сарын  28-нд онлайнаар хийв. Тус хурлаар Хяналтын зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган баталлаа.

Цаашдаа Хяналтын зөвлөлийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааг интернетийн орчинд ажиллах чадавхиа нэмэгдүүлэх, Монголбанкны зүгээс цар тахлын хүндрэлийг даван туулахаар авч буй арга хэмжээнд анхааралтай хандаж,  дэмжлэг туслалцаа үзүүлэх арга замыг эрэлхийлж ажиллахаар тогтлоо.

Дараа жил цар тахлын хүндрэлээс Монгол Улсын эдийн засгийг гаргаж, сэргээж, хөгжүүлэх, санхүүгийн нөөц хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар Монголбанкны холбогдох газар, хэлтсүүдийн хийсэн ажлын үр дүнд илүүтэй анхаарахыг Зөвлөлийн гишүүд тэмдэглэн ярилаа.

Монголбанкны Дотоод аудитын газарт (ДАГ) ажилласан гадаадын зөвлөхийн эхний тайлантай танилцаж, тэнд онцлон тэмдэглэсэнчлэн тус газрын бие даасан, ажил хэрэгч, банкны нийт ажлыг сайжруулах санал санаачилгад зориуд анхаарч, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх,  улмаар эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэвшүүлэх,  хяналт шалгалт, аудит үйлчилгээг зөв хослуулан ажиллах, ажилтнуудынхаа ажлаа сайжруулъя, шинэлэг байдал нэвтрүүлье гэсэн  сэтгэлгээг нь дэмжиж ажиллахыг ХЗ-ийн гишүүд тэмдэглэн ярилаа.

Үүний тулд ДАГ-ын ажилтнуудын дунд сургалт судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний ажиллах дүрэм журам, ажлын стратеги төлөвлөгөөгөө шинэчлэх, боловсон хүчний мэдлэг боловсрол, урамшуулал, албан тушаал дэвшүүлэх олон арга хэмжээ авч болохыг Гадаадын зөвлөхийн тайланд дурдсаныг Хяналтын Зөвлөл анхааралдаа авч, цаашдаа мониторинг хийж ажиллах болно.

Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, тэдний зөвлөхүүд, хөндлөнгийн аудитын байгууллагаас  Монголбанкны бие даасан байдал, засаглал, ялангуяа арилжааны банкуудын мэргэжлийн удирдлага, төлбөрийн чадваргүйтлийн тохиолдлыг шийдсэн арга хэлбэр, дотоод аудит, санхүүгийн байдал зэрэгт хийсэн дүгнэлт, санал зөвлөмжийн хэрэгжилтийг Монголбанкны удирдлага зориуд авч үзэх, тодорхой арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хяналтын зөвлөлөөс 2021 онд нэлээд хэдэн судалгааны ажлыг хийхээр төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд 2020 онд эхлүүлсэн судалгааны ажлын үр дүн, цар тахалтай байгаа өнөөгийн онцгой үед Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд Хяналтын зөвлөлөөс өгөх үнэлэлт, дүгнэлтийн талаар дараагийн ээлжит хурлаараа хэлэлцэхээр тохиров гэж Монголбанкнаас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн