Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газрын хооронд цаг уурын салбарт хамтран ажиллах есдүгээр уулзалт цахимаар боллоо.
Цар тахлын үед цахимаар зохион байгуулсан уулзалтыг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, БНСУ-ын Цаг уурын газрын дарга Пак Гван Сог нар удирдан явуулж, холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Уулзалтын эхэнд өнгөрсөн наймдугаар уулзалтын хэрэгжилтийг талууд харилцан дүгнэлээ.
ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин ”Өнгөрсөн 2 жилд бид Азийн шороон шуурга, цаг агаарын тоон прогнозын дэлхийн, бүс нутгийн загварын систем, уур амьсгал, хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хамтран ажиллаж, Монгол Улсын цаг уурын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь үр бүтээлтэй байв.
Ялангуяа “Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх, цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийг 2017-2019 онд хэрэгжүүлж Монгол Улсын цаг уурын ажиглалтын сүлжээнд 32 цаг уурын автомат станцыг суурилуулсан нь цаг уурын ажиглалтын мэдээг цаг хугацаа алдалгүй, шуурхай авч, цаг агаарын урьдчилсан мэдээний таарцыг сайжруулахад чухал ач холбогдолтой төсөл байсан” хэмээн онцлов.
Уулзалтаар 2021-2022 хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Талууд ирэх хоёр жилд Азийн шороон шуурга, цаг уурын мониторинг, загварчлалын арга технологи, цаг агаарын тоон прогнозын дэлхийн, бүс нутгийн загварын системийг сайжруулах, уур амьсгалын прогноз, хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, бодит хугацааны ажиглалтын мэдээ солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурлаа. Аравдугаар уулзалтыг Монгол Улсад 2022 онд хийхээр хоёр тал тохиролцов.
Цаг уур, орчны шинжилгээний газар