2020 оныг дэлхий нийтээрээ шинэ кронавирусын халдвартай даван туулж, халдвар тархалт, хөл хорио, өвчин зовлон, айдас дунд өнгөрүүлж байна. Ковидын давлагаа дэлхийн соёл иргэншил, хүн амын амьдралд муу нөлөө үзүүлсэн шигээ сайн нөлөө ч үзүүлэв. Сорилт, боломж, сургамж дагуулсан 2020 он улирч байна. Өнгөрч буй 2020 онд нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлсөн үйл явдлыг Updown.mn сайт нэрлэж байна.

Нийгэмд орхигдсон нийтийг соён гэгээрүүлэх ажиллагаа сэргэв

Өнөө цагийн материалист цаг үеийнхэнд коронавирусын халдвар хүчтэй цохилт өгч, хүн төрөлхтнийг багахан ч болов ухааруулж, амьдралын үнэ цэнийг нийтэд нь ойлгуулав. “Зовлон зүдгүүр бол хүн төрөлхтний багш юм” гэсэн мэргэдийн үг хүн бүгдийн орой руу орж, хүн гэдэг бардам амьтан аюулт өвчин ирсэн цагт эмзэг болохыг COVID-19 халдвар мэдрүүлэв.

Коронавирусын халдвараас болж хүн төрөлхтөнд хэд хэдэн дэвшил ажиглагдаж буйг жилийн турш дэлхийн хэвлэлүүд онцлон мэдээлсэн. COVID-19-ийн аюулын өмнө үндэс угсаа, хэл, шашин шүтлэг, нийгмийн статус юу ч биш гэдгийг ойлгож, аливаа амбиц гэдэг хий хоосон зүйл болохыг мэдрүүлэв. Ковидын нийгэмд тархах аюулаас сэргийлэх ажлын хүрээнд төр, засгийн мартаад удсан соён гэгээрүүлэх ажлууд сэргэж, нийгэмд өдөр тутмын соёлыг хэвшүүлэх, эрүүл ахуйд сургах томоохон кампант ажлыг эхлүүллээ.

Өндөр настнууд тэтгэврийн зээлийн дарамтаас ангижрав

Засгийн газар оны эхэнд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ өндөр настнуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг баталлаа. Зээл тэглэх санаачлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасныг эрх баригч МАН дэмжсэн нь тэтгэврийн зээлтэй олон мянган настнуудыг баярлуулав. Зээлийн хөнгөлөлтөд 228.6 мянган тэтгэвэр авагч хамрагдаж 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлээ тэглүүлэв.

Ковид ба нийгэм, эдийн засгийг дэмжих хөтөлбөр

Дэлхийн улс орнуудад эрчтэй тархсан коронавирусийн халдварын анхны тохиолдол Монгол Улсад энэ оны 3 дугаар сарын 10-нд бүртгэгдлээ. Зөөвөрлөдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдэхэд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хөл хорионы нийтээрээ хөл хорио, хязгаарлалтын дэглэм мөрдөж эхлэв. Хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл бий болгож эхлэхтэй зэрэгцэн Засгийн газар, УИХ эдийн засгийг эрчимжүүлэх анхны арга хэмжээг авч иргэд, аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, бараа таваарын үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалж, хүүхдийн мөнгийг 100 000 төгрөг болгож нэмэгдүүлэв. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн 20 мянган төгрөг авч байгаа хүүхдүүд тэтгэмжийг 2021 оны 6 дугаар сар хүртэл үргэлжлүүлэн авна.

“Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр айл өрх, аж ахуй нэгжээ дэмжлээ

Ковидын халдвар арван нэгдүгээр сард дотоодод дэгдсэнтэй холбоотойгоор орон даяар дахин өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдлаа. Засгийн газар 12 дугаар сарын эхээр шийдвэр гаргаж, улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болж, хөрөнгийг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байна. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө төлөх юм.

Мөн гэр хорооллын иргэддээ зориулж нэг тн сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан бол дахин 75 хувь хүртэл бууруулав. Ингэснээр иргэд нэг тн сайжруулсан шахмал түлшийг 37,500, нэг шуудайг нь 937 төгрөгөөр авч эхэлсэн юм. Ирэх оны 4 дүгээр сарыг хүртэл үргэлжлэх хөнгөлөлттэй үнийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргана.

Цар тахал технологийн хөгжлийг хурдасгав

Ковид-19 цар тахлын тархалт технологийн хэрэгцээг нэмэгдүүлж, дижитал шилжилтийг эрчимтэй хурдасгав. Нийгмийг хамарсан хөл хорио, хатуу хязгаарлалтын улмаас байгууллагууд цахимаар ажлаа хийж, бүх шатны боловсролын байгууллагууд онлайн сургалтын хэлбэрт бүрэн дасан зохицоод байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” платформыг ердөө нэгхэн жилийн дотор хөгжин, цахим хэрэглээ зөвхөн гар утас, банкны гүйлгээ байхаа больж, иргэд www.e-mongolia.mn болон “e-Mongolia’ гар утасны аппликейшны тусламжтай иргэд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран, урт дараалал, стресс, хүнд сурталгүйгээр гэрээсээ авч замын түгжрэл, дараалалд зогсох цаг хугацаагаа хэмнэж дадлаа.

Хуурамч мэдээтэй тэмцэх кампанит ажил өрнөлөө

Коронавирусын тархалт нийгэмд цөөнгүй эерэг хандлага бий болгосны нэг нь иргэдийн дунд өрнөсөн хуурамч мэдээтэй тэмцэх кампанит ажил. Мэдээллийн урсгалаас таарсан болгоноо шүүрч, итгэл үнэмшилтэй ханддаг байсан цаг үеэс иргэд залхаж, Ковид-19 цар тахлын үед цаг үеийн найдвартай мэдээллийг шаардаж эхлэв. Иргэдийн дунд өрнөсөн энэ эерэг хандлага нийгмээ зөв тийш нь хөтөлж, хуурамч мэдээний хор уршигийг таниулах, хуурамч мэдээний нийгмийн сэтгэл зүйд үзүүлдэг сөрөг үр дагавруудыг ч тодорхой харуулж эхлэв. Нийгмийн энэхүү зөв хандлага хэвлэл мэдээлэл болон төрийн байгууллагуудад үнэн бодитой, мэргэжлийн ёс зүйтэй мэдээлэл түгээх, олон нийтийн сүлжээн дэх хаягуудаас ялгарах ёстойг хатуухан ойлгуулж өглөө.

Популист улстөрчид дүнгээ тавиулав

“Хүчээ нэгтгэе” уриатай УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон МАН парламентын 62 суудлыг авч ялалт байгууллаа. АН 11, “Та бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат” эвсэл нэг нэг суудал авсан УИХ-ын сонгуулийн өрсөлдөөнд Ж.Батзандан, Л.Болд, О.Баасанхүү зэрэг цөөнгүй популист улстөрчид ялагдал хүлээж, улс төрөөс завсарлага авлаа. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагыг бүхэлд хамран өрнөсөн хуурамч мэдээтэй тэмцэх кампанит ажлын үр дүнд УИХ-ын сонгуульд популист улстөрчид олноороо ялагдав. Цар тахлын нөлөөн дор цахимаар явагдаж буй УИХ-ын чуулганы хуралдаанд ч өөрчлөлт орж, камерын өмнө попорч амждаг эрхэм гишүүд асуудлыг камергүй ертөнцөд шинжлэх ухааны үндэслэлтэй хөндөж, бодлого тодорхойлох үйл ажиллагаанд тооцоо судалгаа, мэдээлэлтэй оролцдог болжээ.

Иргэд байгалийн баялгаасаа хувь хүртлээ

Байгалийн баялаг бол ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийн тунхаг төдий заалт биеллээ олж энэ онд Монгол Улсын иргэд байгалийн баялгийн хуваарилалтыг анх удаа хүртэв. Яригдаад олон жил болсон ч хэрэгжээгүй, улс төрийн сонгуулийн санал татах арга, хэрэгсэлд тооцогдох болсон Тавантолгойн 1072 хувьцаа энэ онд амь орж, иргэд анх удаа ногдол ашиг хүртсэн нь байгалийн баялаг иргэдэд хүртэх боломж байгааг харууллаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 85 хувийг дангаараа эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2,512,768 иргэн өөрт ногдох нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашгийг авах боломж бүрдэж, есдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийн дансанд ногдол ашиг шилжиж эхэлсэн юм.

Үнийн хөөрөгдлийг “хазаарлав”

“Ковид-19” цар тахлын хүрээг хумих зорилготой хөл хорио, хязгаарлалт нь хүнсний зохиомол хомстол үүсгэж, үнийн хөөрөгдөл бий болгох эрсдэлийг дагуулж байв. Гэвч энэхүү зохиомол хөөрөгдлийг ШӨХТГ таслан зогсоож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд байнгын хяналт тавьж, тайлангаа цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлжж байна. Энэ нь цар тахлын хөл хорионд эдийн засгийн орлого, ашгаараа хохирч байгаа иргэдийн амьжиргаанд томоохон дэмжлэг үзүүлж байгаа юм. Нөгөө талаар коронавирусын халдвар олон нийтийг даруу төлөв, арвич хямгач байдал, элдэв зугаа цэнгэлээс хол байлгахад сургаж эхлээд байна.

Н.ЦЭНДБАТ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн