Францын нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден арванхоёрдугаар сарын 29-ний Мягмар гаригийн өглөө Парисын баруун хэсэгт байрлах америк эмнэлэгт 98 насандаа таалал төгсчээ.
Театрын зураачаас карьераа эхлүүлсэн Кардин 1947 оноос Christian Dior-т ажиллаж, 1950 онд өөрийн загварын ордноо байгуулжээ. Түүний брэнд бүтээгдэхүүн өнөөдөр дэлхийн таван тивийн 140 гаруй оронд зарагддаг гэсэн баримт бий.
Пьер Карден 1922 онд Италийн Тревисо хотын орчимд 11 хүүхэдтэй айлын отгон хүүхэд болон мэндэлжээ. Түүнийг бага байхад гэр бүл нь Муссолинигийн дэглэмээс зугтаж, Францад ирж суурьшсан байна.
Францын аж үйлдвэрийн хот Сэйн Этьенд өссөн Карден эхэндээ архитектор болох мөрөөдөлтэй байсан ч сүүлдээ хувцас загварын ертөнцөд татагдах болжээ.
Карден өөрийн нэрийг томоохон брэнд болгож, бэлэн хувцаснаас гадна үзэг, цаг, зочид буудал, үнэртэн, ресторан зэрэг бараа бүтээгдэхүүнд лицензийг анхлан борлуулсан хүмүүсийн нэг юм байна.
Л.Баяр