Хөл хориотой холбоотойгоор цусаа өгөх иргэдийн тоо багассан байна. Үүнээс болж цус цуглуулалт 50 хувиар буурчээ. Гэвч эсрэгээрээ эмнэлгүүдийн цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүй гэдгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд авч үзвэл жилд 26 мянга гаруй иргэн цусаа бэлэглэдэг байна. Харин цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосноос хойш цусаа бэлэглэдэг иргэдийн тоо 50 багассан байна. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сард цуглуулсан цусны нөөцийг энэ оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 50 хувиар буурсан байгаа юм. Ялангуяа цус алдалт хавдрын эмчилгээ зэрэг олон тохиолдолд хэрэглэдэг ялтаст эсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид хүндрэл учирч болзошгүй байна.
ЦССҮТ-ийн Донор зохицуулалтын тасгийн дарга Ч.Тунгалаг “Манайд 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс сийвэнгийн бүтээгдэхүүний нэг жилийн нөөцтэй байна. Харин улаан эсийн 10 хоногийн нөөцтэй байна. Бидэнд тулгараад байгаа асуудал нь ялтаст эсийн бүтээгдэхүүн маань тав орчим хоног хадгалагддаг учраас цус цуглуулалтын хэмжээ буурахаар үүнийг хангах асуудал дээр тодорхой хэмжээний эрсдэл үүсэж байгаа. Цус алдалт, хавдрын эмчилгээ зэрэг олон тохиолдолд үүнийг хэрэглэдэг. Гол нь хүмүүс тогтмол цусаа өгч байж энэ бүтээгдэхүүний нөөцийг бид бүрэн хангах боломжтой.
Цаашид цус цуглуулалтыг нэмэгдүүлэх, шаардлагатай цусан бүтээгдэхүүнийг хангахын тулд тогтмол цус цуглуулах шаардлага үүсээд байна. Энэ хүрээнд ЦССҮТ-өөс доноруудад урилга илгээх ажлыг зохион байгуулж байна. ЦССҮТ-өөс урилга хүлээн авсан бол тухайн урилгаа үзүүлэн зорчиж цусаа бэлэглэх боломжтой юм.
ЦССҮТ-ийн Донор зохицуулалтын тасгийн дарга Ч.Тунгалаг“Цусаа ирж бэлэглэдэг хүмүүсийн тоо 50 хувь буурсан. Цар тахлын улмаас бусад улс орнуудад я гэсэн цусаа бэлэглэх үйл ажиллагаа буурсан байсан. Манай төвд цусаа өгдөг бүх донорууд бүртгэлтэй байдаг. Тиймээс доноруудтайгаа утсаар холбогдож урилга явуулж байгаа. Энэхүү урилгаа үзүүлээд манай төвд ирж цусаа өгөх боломжтой. 17-60 насны 45 кг дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүмүүс цусаа бэлэглэх боломжтой байдаг” гэв.
Цус цуглуулах үйл ажиллагааг хоёр хэлбэрээр зохион байгуулдаг. Баянзүрх болон Сүхбаатар дүүрэгт цус цуглуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч явуулын хэлбэрээр цус цуглуулах үйл ажиллагааг цуцалсан байна. Учир нь албан байгууллагуудын үйл ажиллагаа тодорхой хязгаарлалттай байгаагаас гадна зарим байгууллагууд хүлээж авахгүй гэдэг байр суурийг илэрхийлжээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв