Монголын нийт лам хуврагууд нэгдэж, “Асралын аян 2“ сайн үйлсийн аян өрнүүллээ. Лам нар өнгөрсөн жил “АСРАЛЫН аян 1” зохион байгуулж, Улсын Онцгой комисст 10 гаруй сая төгрөг болон хэрэгцээт зүйлсийг өргөж байсан. Тэд энэ удаад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баяртай холбогдуулан хүнсний дутагдалтай 300 гаруй айл өрхөд хишиг түгээжээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд монгол лам нарын чуулган холбооны бүхий л лам хуврагууд сэтгэлийн хандив өргөж, өчигдөр (2020.12.28) лам нарын төлөөлөл болох 60 хувраг 15 машинтай гарч, нийслэлийн зургаан дүүргийн тусламж нэн шаардлагатай байгаа 300 гаруй өрхөд тус бүр 50 мянган төгрөгийн үнэ бүхий мах, гурил, аарц, ургамлын тос хүргэж өгсөн байна.
Уг үйл ажиллагааны явцад УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу зайнаас харьцах, хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий хэрэглэж, зохих заавар, журмыг чанд мөрдөн ажиллажээ.
Тусгаар тогтнолоо зарлаж, Богд гэгээнтэн хаан ширээнд залагдаж, ард олонд их хишиг тарааж байсан тэр уламжлалыг МОНГОЛ ЛАМ ХУВРАГУУД сэргээж, жил бүр хишиг түгээх аж.
Б.Эрдэнэ