Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад нас барсан иргэний ар гэрийн нэг хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Тэгвэл талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан www.zarig.mn сайтад тодруулга, ярилцлага өгсөн байна. Ингэхдээ тэрбээр “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад гарсан иргэн арванхоёрдугаар сарын 19-нд Хавдар судлалын үндэсний төвд биеийн байдал маш хүнд очоод, яаралтай тусламж авч байх үедээ нас барсан. Таван цаг эмчилгээ, тусламж авч байхдаа хавдрын өвчнийхөө улмаас нас барсан бөгөөд элэгний хорт хавдартай хүн байсан.
ХСҮТ-ийн ажилчдаас коронавирусийн шинжилгээ авах явцад хоёр эмчээс халдвар илэрсэн. Энэ хоёр эмч хаанаас халдвар авав гэдгийг хөөж, тандалт судалгаа хийхэд Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан иргэн 12 дугаар сарын 19-нд хавдарт дээр ирж, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн нь тогтоогдсон. Тиймээс нас барсан иргэн эх үүсвэр нь байж болзошгүй гэдэг үүднээс ар гэрийнхнээс нь шинжилгээ авахад нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь үнэн. Талийгаачийн ар гэрийн хүмүүс хаанаас халдвар авсныг тогтоох ажил хийгдэж байна. Тухайн нас барсан иргэнийг оршуулах ажлыг зохион байгуулсан учраас талийгаач коронавирусийн халдвартай байсан эсэхийг тогтоох боломжгүй болсон. Ар гэрийнхэн нь ч Баянзүрх дүүрэг болон бусад голомтоос халдвар авсан байхыг үгүйсгэхгүй. Талийгаачийг оршуулах ажилд оролцсон 50 гаруй хүн байгаагаас 30 орчим иргэнийг тусгаарлан ажиглаж байна, ” гэж тайлбарлажээ.
Л.Баяр