Монголын Хөгжлийн Ротари сангаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийн хандивыг гардуулан өглөө.
Эрүүл мэндийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр энэхүү хандиваар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д нийслэл болон орон нутагт сорьц авахад шаардлагатай КОВИД-19 илрүүлэх молекул биологийн (PCR) хамар залгиурын арчдасаас сорьц авах бамбар 100,000 (нэг зуун мянга) ширхэг, хуруу шил 200,000 (хоёр зуун мянга) ширхгийг тус тус худалдан авах юм.
ХӨСҮТ нь КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой уг өвчнийг цаг алдалгүй оношлох, илрүүлэг, тандалт, хавьтлын шинжилгээг хийж, аймаг, дүүргүүдийн урвалж, оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хэлсэн үгэндээ: КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед эмнэлгийн аюултай хог, хаягдлыг стандартын дагуу устгах нь чухал ач холбогдолтой билээ. “Улаанбаатар Ротари клуб”-тай түншийн харилцаат Франц улсын “Парис Ротари клуб” эмнэлгийн аюултай хог, хаягдал устгах төхөөрөмж хоёр ширхгийг Францын Санодев (Sanodev) компанид захиалан үйлдвэрлүүлж Монголд хандивласныг тус клубын удирдлага Эрүүл мэндийн яаманд гардуулан өглөө.
Тус бүр нь 39,213 (гучин есөн мянга, хоёр зуун арван гурав) евро буюу нийт 271 сая төгрөгийн үнэ бүхий эдгээр төхөөрөмжийг ротаричуудын хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал, Өмнөговь аймгийн Сэврэй сумдын Эрүүл мэндийн төвд хуваарилна.
Төхөөрөмжийг гардуулан өгөх ёслолд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Филипп Мэрлин оролцлоо.
Эрүүл мэндийн яам