УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тав хоног хойшлуулав.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг гурав хоногоор сунгах горимын санал гаргав.
Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч Байнгын хорооны дарга хуульд заасан эрхийн дагуу гурав хоногийн завсарлага өгсөн. Шинэ оны өмнө цаашлаад цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр ийм чухал хуулийн төслийг хэлэлцэх нь зохимжгүй.
Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүд, Ажлын баг нэлээдгүй сайн ажиллаж 39 зүйл, 223 хэсэг заалтыг өөрчилж, 100 гаруй хэсэг, заалтыг шинээр нэмэх, зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томьёолол бэлтгэсэн байна. Гэхдээ УИХ хуулийн төсөл дээр дахин сайн ажиллаж, нягтлах шаардлагатай гэж УИХ дахь АН-ын бүлэг үзсэнийг тодотгов.
Иймд УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс авсан завсарлагын хугацааг дахин 3 хоногоор сунгах тухайгаа мэдэгдлээ.
Горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, С.Бямбацогт нар үг хэлэв. Тухайлбал, Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэхдээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг 2020 оны дөрөвдүгээр сард шийдсэн. Ажлын болон дэд ажлын баг өргөн бүрэлдэхүүнтэйгээр маш сайн ажилласныг онцлов.
Тэрбээр, “Хуулийн төслийн талаар 60 хуудас зарчмын зөрүүтэй санал гарсантай УИХ-ын гишүүд, АН-ын бүлэг танилцаж байгааг тэмдэглэв. АН-ын завсарлага, болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас болоод уг хуулийн төслийн хэлэлцүүлэг сар гаруй хугацаагаар саатаж байгааг тодотгоод, уг хуулийн төслийг оны дараа хэлэлцэх АН-ын бүлгийн саналыг хүлээн авснаа мэдэгдлээ.
Б.Эрдэнэ