УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл санаачилж өргөн барихаа мэдэгдлээ. Зөрчлийн тухай хуулийг 2017 онд баталснаас хойш давхардсан тоогоор дөрвөн сая иргэнийг 650 тэрбум орчим төгрөгөөр торгожээ.
Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ноцтой хохирол учруулаагүй, нийгэмд аюул заналхийлээгүй аливаа зөрчлийн хэргийн улмаас шийтгүүлсэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэг удаа өршөөл үзүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзжээ.
Ингэхдээ таван мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн торгуулиас чөлөөлөх боломжтой. Харин 10-аас дээш сая төгрөгийн торгуультай тохиолдолд энэ хуульд хамаарагдахгүй байхаар төсөлдөө тусгажээ.