Азын гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ. Уг ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Е-Mоngolia цахим хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн үндэсний хороотой хамтран ажиллаж байна.
Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авто машины “азын” дугааруудыг Төрийн үйлчилгээ, тэр дундаа хог тээвэрлэх автомашинд тавьж байхаар дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөрөө хүмүүнлэг, нийгмийн сайн сайхны үйлсэд зарцуулах хүсэлт гарган, холбогдох байгууллагад хандаж байсан ажээ.
Иргэд auction.transdep.mn сайтад хандан, дуудлага худалдаанд оролцох боломжтой бөгөөд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу үнэ хаялцуулах ажиллагааны ялагчтай байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн дугаарын захиалгыг үндэслэн зөвхөн түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд тухайн дугаарыг олгох юм байна.
Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд:
12.5. Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна.
12.6. Энэ журмын 12.5-д заасан хэлбэрээр үнэ хаялцуулж худалдан борлуулах улсын дугаарын жагсаалтыг бүртгэлийн байгууллага эрэмбэлэн мэдээллийн санд байршуулна.
12.7. Үнэ хаялцуулах ажиллагааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн бүртгэлийн байгууллага бусад байгууллагатай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулна.
12.8. Үнэ хаялцуулах ажиллагааны ялагчтай байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн дугаарын захиалгыг үндэслэн зөвхөн түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд тухайн дугаарыг олгоно.
12.9. Үнэ хаялцуулах ажиллагаагаар төвлөрүүлсэн орлогоос үйл ажиллагааны зардлыг тооцон суутгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлнэ гэсэн байдаг.
Л.Баяр