Европын холбоо хүн амаа BioNTech, Pfizer-ийн бэлдмэлээр вакцинжуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Вакцин боловсруулагч Угур Шахин уг вакцинаа мутацлагдсан коронавирусээс хамгаалах уу гэдэг асуудлаар DW-д ярилцлага өгчээ. Ярилцлагыг орчуулан хүргэе.
Европын эм бэлдмэлийн агентлаг (EMA) 12 дугаар сарын 21-нд Германы BioNTech, Америкийн Pfizer компанийн боловсруулсан BNT162b2 коронавирусийн эсрэг вакциныг баталгаажуулжээ. Харин одоо ЕХ-ны хүн амыг вакцинжуулах ажил тун ойрын хугацаанд хийгдэх юм.
Энэ үйл явдлын өмнөхөн DW бэлдмэлийг боловсруулагч, BioNTech –ийн тэргүүн Угур Шахин (Ugur Sahin)-тай уулзаж ярилцлаа. Эрдэмтэн вакцинаа коронавирусийн шинэ хувилбараас хамгаалах уу, тээвэрлэлтийг яаж явуулах вэ, ядуу орнуудын иргэд энэ бэлдмэлийг авч чадах уу гэсэн асуудлаар санал бодлоо солилцсон байна.
DW: Европын холбоо BioNTech/Pfizer-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө. Таны бодвол энэ нь COVID-19-т цэг тавихад ойртсон хэрэг мөн үү?
Угур Шахин: Энэ бол маш чухал алхам. Энэ бол Европт хэрэглэхийг зөвшөөрсөн анхны вакцин. Одоо бид ЕХ-ны хүн амыг вакцинжуулах эхлэх боломжтой боллоо. Үүнээс гадна вакциныг Швейцарт сайшаасан. Тарилга хүний амьдралыг хөнгөвчилнө гэж хүлээж байгаа. Жишээ нь гэхэд тун ойрын хугацаанд өндөр настнууд эмнэлэгт очих нь багасна гэж найдаж байна.
Түүнчлэн бил ЕХ өөр үйлдвэрлэгчдийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсний дараа хүн амынхаа 60-70%-ийг дархлаажуулахад шаардлагатай хэмжээний хангалттай тунг авч чадна гэж хүлээж байна. Энэ нь 2021-2022 оны өвөл гэхэд цар тахлыг хяналтандаа авч чадахад тус болох юм.
– Сүүлийн өдрүүдэд коронавирусний шинэ, бүр илүү халдвартай хувилбар хэд хэдэн улсад илэрч, ихэд түгшээж байгаа. Танай вакцин ийм мутацид үр дүнтэй хэвээр байх болов уу?
– Одоохондоо бид зохих судалгаа явуулаагүй болохоор энэ асуултад хариулж чадахгүй нь. Ойрын 2 долоо хоногийн хугацаанд бид вирусийн шинэ хувилбарын дээжийг бүтээж, манай вакцины дархлааны урвал нөлөөлж, идэвхгүйжүүлж байна уу гэдгийг шалгана.
Тэгэх ч магадлал тун өндөр. Хэдийгээр олон тооны мутаци байдаг боловс вирусийн шинэ хувилбарт чухал уураг нь ганц л хувиар өөрчлөгдсөн. Энэ нь үлдсэн 99 хувь нь урьдынх шигээ хэвээр байна гэсэн үг. Харин манай вакцины идэвхжүүлдэг бие махбодын дархлааны хариу үйлдэл энэ уурагтай олон талаас тэмцдэг. Тиймээс вакцин энэ тохиолдолд үр дүнгээ хадгалах магадлал маш өндөр. Гэхдээ энэ тухай бид 2 долоо хоногийн дараа судалгааны үр дүнгээ авмагцаа итгэл төгс хэлж болно.
– Харин мутацлагдсан вирусийн эсрэг дахиад л шинэ вакцин боловсруулахаар болчихвол та бүхэнд хэдий хугацаа шаардагдах бол?
– Цэвэр техникийн хувьд бид шинэ вакциныг ойролцоогоор 6 долоо хоногийн хугацаанд бүтээж чадна. Гэхдээ боловруулалт цааш үргэлжлэх ёстой. Учир нь бид коронавирусийн шинэ хувилбарын эсрэг дархлааны хариуц урвал үүсгэж байгааг нотлох шаардлагатай болно. Үүнээс гадна вакциныг өөрчлөлтийг албан ёсны байгууллагууд батална. Гэхдээ шаардлагатай бол бидний хэрэглэж байгаа РНК матрицын технологи бидэнд вакциныг зохих ёсоор өөрчлөх боломж бий болгоно гэдэгт итгэж байна.
– Вакциныг тээвэрлэхэд бага, хэт бага температур гэсэн онцгой нөхцөлд гүйцэтгэх шаардлагатай. Таны бодлоор энэ нь бэлдмэлийн хүргэлтэд саад болох уу?
– Огт үгүй. Вакциныг хэт бага температурт зөөвөрлөдөг үзэгдэл цоо шинэ биш. Хуурай мөс ашиглан тээвэрлэлт хийхийг дэвшилтэт технологи гэж хэлж хэлэхэд хэцүү. 50 жил гаруй болж байна шүү дээ. Энэ чинь зүгээр л хуурай мөстэй сав. Үүнийг зорьсон газарт нь хүргэж, эмч нар вакцины тунг хөргөгчинд шилжүүлдэг юм. Ийм газарт 5 хүртэл хоног хадгалж болно.
– Баян орнууд вакцин худалдан авч байхад ядуу орнуудын иргэдэд хүрэлцэхгүй байна. Энэ нь танд шударга бус санагдахгүй байна гэж үү?
– Тэгж бодож байна. Сүүлийн хэдэн долоо хоногт вакциныг 40 гаруй улс сайшаалаа. Тэр дунд Мексик, Өмнөд Америкийн орнууд гээд хөгжиж буй орнууд ч байна. (Мексик, Аргентин гээд BioNTech, Pfizer-ийн вакциныг сайшаасан орнууд илүү хөгжсөн, хөгжиж буй эдийн засагтай G20-ийн бүлэгт багтдаг.
Түүнчлэн вакциныг бүртгэсэн Чили улс ам.доллараар илэрхийлсэн хүн амын орлогоороо Латин Америктаа хамгийн баянд тооцогддог. – Ред.) Манай вакцин дэлхий нийтэд хүрэлцээтэй байгаасай гэж бид маш ихээр хүсч байна. Бид бэлдмэлээ хүрэлцээтэй байлгахын тулд олон орны төр засагтай хамтран ажиллаж байна.
– Та ч, BioNTech-ийг хамтран байгуулсан таны эхнэр Озлем Тюречи (Özlem Türeci) ч одоогоор коронавирусийн вакцинаа хийлгээгүй. Яагаад вэ?
– Хуулиар биднийг вакцинаа хийлгэхийг хориглодог. (өөрсдийн вакцин. – Ред.). Бидний хувьд вакциныг манай ажилтнууд, түншүүд хийлгэх нь илүү чухал. Бидний зорилго бол 2021 онд 1,3 сая гаруй тун үйлдвэрлэх явдал. Зөвхөн хоногийн 24 цагаар ажиллаж байж л ингэж хийх боломжтой.
Үүний тулд бид ажилтнуудаа коронавирусээс хамгаалах хэрэгтэй. Хэрвээ хэн нэг нь COVID-19-өөр өвчлөх юм бол вакцины үйлдвэрлэл саатах болно. Тиймээс бид Европын холбоонд зориулан үйлдвэрлэж байгаа вакцинаасаа нэг хэсгийг нь тусгайлан өөрсдийнхөө түншүүд, багийн гишүүддээ хийхээр төлөвлөж байна.
– Та нарт яагаад өөрсдөө вакцинаа хийлгэхийг хориглодог юм бол?
– Нэн тэргүүний вакцинжуулалтын жагсаалт гэж бий. (аль бүлэг хамгийн түрүүнд вакцин хийлгэх ёстой гэсэн журам. – Ред.) Үүнийг зөрчихийг хориглодог. Үүн дээр нэмэгдээд вакцин боловсруулсан компанийн төлөөлөгчид болсон биднийг клиникийн туршилтад оролцохыг ч хориглодог.