УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 24-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг, УИХ-ын гишүүн Х.Баделхан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.
Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн гишүүд төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 42 буюу 62.7 хувийн саналаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.