Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хатуу хөл хорионы үед эмнэлгүүдийн бэлэн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг иргэддээ үзүүлж буй нөхцөл байдлыг шалгаж өнөөдөр Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд дүүргүүдэд ажиллах үеэрээ өгсөн үүрэг чиглэлийн биелэлт, халдварын үед тоног төхөөрөмжийн ашиглалт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа зэрэгтэй танилцсан юм.
СБД-ийн нэгдсэн эмнэлэг БЗД-ийн иргэдэд нэмэлтээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээг хязгаарласантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд 16 хорооны 147 иргэнд тусламж үйлчилгээг нэмэлтээр үзүүлсэн байна. Мөн дүүргийнхээ диализийн аппаратад ордог иргэдээ өдрийн цагаар оруулан, оройн цагаар Баянзүрх дүүргийн диализийн аппаратад ордог иргэдийг нэмж халдвар хамгааллыг сахин оруулж байгаа юм.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэддээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг аюулгүй байдлыг ханган үзүүлж байгаа, мөн эрүүл мэндийн сайдын зүгээс шийдвэрлэж өгсөн рентген аппаратыг суурилуулан тусламж, үйлчилгээндээ ашиглаж байгаагаа танилцууллаа. Халдвар хамгааллын дэглэмийг сахин үйлчлүүлэгчдэдээ болон эмч, ажилтнууддаа давхар анхаарч ажиллаж байгаагаа тус эмнэлгийн дарга Д.Чимгээ хэллээ. Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд цахимаар нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай хуралдаж, цар тахлыг хамтын хүчээр эрсдэл багатай даван туулах, нөгөө талдаа нийт ард иргэддээ зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аюулгүй байдлаа ханган үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг сануулав.
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд амьсгалын замын өвчтэй иргэдийг тусдаа хаалгаар тусдаа урсгалаар хүлээн авах, нийт эмч ажилтнуудаа болон хэвтэн эмчлүүлж буй иргэдээ PCR шинжилгээнд бүрэн хамруулах үүрэг чиглэлийг биелүүлжээ.
Эрүүл мэндийн сайд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ тус эмнэлэгт PCR шинжилгээний аппаратыг ирэх долоо хоногт суурилуулан өгч, ЗӨСҮТ-ээс мэргэжилтнүүдийг сургаж, мэргэжил арга зүйгээр хангуулахаар болов. Ингэснээр Чингэлтэй дүүргийн иргэддээ цаг алдалгүй шуурхай шинжилгээ хийх боломжтой болж байгаа юм. Харин тус эмнэлгийн зүгээс лаборатори байгуулах гурван өрөө, ажиллах хүний нөөцөө бэлдэхийг үүрэг болголоо.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам