УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сошиал дахь УОК гэсэн хэд хэдэн пэйж хуудас, хаяг байгаа асуудлыг анхааралдаа авахыг санууллаа.
Тэрбээр “Мэдээллийн суваг нэг байхад анхаараач. УОК гэсэн хэд хэдэн фэйсбүүк хаяг байна. Аль нь албан ёсны хаяг нь юм, бусдыг нь хаамаар байна.
1800-1105, 310050 утас авахгүй байна гэсэн гомдол их ирлээ. Хоёр гурав дуудаж байж авч байна гэсэн гомол ирсээр байгаа. Сошиалаар ард түмнийг турхирсан постууд их явж байна. Жишээлбэл, сүүлийн хэд хоногт БЗД-ийг шатаая гэсэн агуулгатай зүйл их явж байна. БЗД-ийн эмнэлэг дотроос олон хүн хандсан. Биднийг дотроос нь гаргахгүй байна. Нэг өрөөнд олуулаа, энэ маягаараа дотор нь байсаар халдвар авах нь гэсэн байсан.
ШӨХТГ сайн ажиллаж байна. Бүх зах худалдааны төвөөр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байна. Боловсролын зээлийн сангаас зээл гарахгүй байгаа учир сургуулиуд хичээлд нь оруулахгүй асуудал гарч байна” гэх мэт асуудлыгхөндлөө.
Шадар сайд Я.Содбаатар “Мэдээллийг нэгдсэн байлгах тал дээр сүүлийн үед анхаарч байгаа. Нийслэлийн онцгой комисс дээр мэдээллийг төвлөрүүлж байгаа. Мэдээллийн хуудсыг нэгтгэх тал дээр арга хэмжээ авъя. БЗД-ийн эмнэлэг дээр халдварын тохиолдол илрэх үед 400 гаруй хүн байсан. Энэ хүмүүсийг гурав ангилсан.
ЭМЯ-ны мэргэжлийн хүмүүс үзээд халдварын эрсдэл харьцангуй багатай, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага багатай гээд 60 хүүхдийг эцэг эхтэй нь тусад нь зочид буудалд байрлуулсан. Насанд хүрэгчдийн тасгаас эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага багатай хэсгийг дахин тусад нь буудалд тусгаарласан. Энд нийт 90 орчим хүн байгаа.
Хүүхдийн эмнэлэгт хэвтэж байсан эрүүл мэндийн тусламж шаардлагатай хэсгийг СХД-ийн шинэ эмнэлэг рүү нүүлгэсэн. Ингээд яг халдвартай байж болзошгүй, тасгаас нь өвчлөл илэрсэн 200 гаруй хүнийг эмнэлэгт үлдээсэн. Үлдсэн хүмүүсээс хоёр гурав дахь шинжилгээгээр халдвар илэрсээр байна.
БЗД-ийн эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм, бие засах өрөөтэй холбоотой асуудал байна. Шалгалтын дүнг өнөөдөр сонсоно. БЗД-ийн эмнэлэг нь 1998 онд хувьчлагдсан бөгөөд улстай гэрээгээр ажиллаж байсан гэдгийг хэлье” гэв.
Б.Ирээдүй