УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас арванхоёрдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үер хорих ангид байгаа ялтай хүмүүсийг Коронавирусийн халдвараас сэргийлэх, хамгаалах асуудал хөндөгдсөн юм. Уг асуудалтай холбоотойгоор УОК-ын дарга Я.Содбаатар “Коронавирусийн халдвараас сэргийлж хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэхтэй холбоотой судалгааг Засгийн газар гаргасан. Энэ хуулийн төсөлд оруулаагүй.
Ял эдэлж буй 1,300 гаруй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчтэй, 65-аас дээш настай хүмүүсийн судалгааг гаргасан. Ер нь асрамжийн газар, хорих, эрүүл мэндийн байгууллага хамгийн их эрсдэлтэй гэж үздэг юм байна” хэмээв.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “ШШГЕГ-ны харьяа хорих ангиудад 4,500 орчим ялтан хоригдож байгаа. Мөн цагдан хорих байруудад албадан саатуулагдсан 1,000 гаруй, үүн дээр шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүмүүсийн нэмээд нийт 6,300 гаруй хүн цагдан хорих, хорих байруудад хоригдож байна.
Эдгээрээс архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны 700 гаруй хүний судалгааг ШШГЕГ-аас гаргасан. Өнгөрсөн долоо хоногт БГД-ийн цагдаагийн 1-р хэлстээс хүн амины хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэнийг саатуулж, хорих байгууллагад хүргэх явцад түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар PCR шинжилгээ хийхэд сөрөг болох нь батлагдсан. Цаашид хорих анги болон саатуулах байранд ийм хүндрэл гарах эрсдэлтэй байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэг ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Н.БАТАА