Сүүлийн хоёр долоо хоногийн турш Англид коронавирусийн халдвар огцом нэмэгдсэн нь уг вирусийн шинэ аюултай хувилбар бий болсонтой холбоотой гэж Их Британийн засгийн газар дүгнэж байна. Тиймээс зул сарын баяраар Англи даяар сулруулах гэж байсан хөл хорионы дэглэмээ зарим бүс нутагт улам чангаруулах болсноо өчигдөр зарлалаа.
Коронавирусний шинэ хувилбар илэрснээс хойш халдварт өвчний тохиолдлууд огцом нэмэгдэж байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.
“Одоогоор хязгаарлалтын гуравдугаар түвшин хэрэгжиж буй бүс нутгууд болох Лондон хотын дүүргүүд, Английн зүүн өмнөд ба зүүн бүс нутагт шинээр хязгаарлалт тогтооно. Эдгээр бүс нутагт хязгаарлалтын дөрөвдүгээр түвшнийг нэвтрүүлнэ” хэмээн тэрбээр хэлжээ.
Мөн “Зул сарын баярыг төлөвлөж байснаараа тэмдэглэж чадахгүй болсныг дуулгахад надад маш хэцүү байна. Үүнээс өөр ямар ч арга байхгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн Лхагва гарагт хэлэхдээ зул сарын баярыг хориглох нь “хүмүүнлэг бус хэрэг” хэмээн мэдэгдэж байсан юм. Богино хугацаанд гаргасан шийдвэрээ цуцлах болсон Борис Жонсоныг сөрөг хүчнийхэн нь хүчтэй шүүмжилж байна.
VUI202012/01 гэж нэрлэгдсэн коронавирусийн шинэ хувилбар хүн амын дунд тархсан гэж судлаачид үзэж байгаа аж. Уг хувилбар нь ердийн коронавирусээс 70 хувь илүү халдварлах чадвартай гэж судлаачид дүгнэж байна.
Шинэ хувилбарын талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдэгдсэн тухай Английн эрүүлийг хамгаалах газрын тэргүүн Крис Уитти хэлжээ.
“Шинэ хувилбар илүү олон хүн үхүүлдэг, илүү хүнд хэлбэрээр өвчлүүлдэг гэх ямар нэг нотолгоо одоогоор байхгүй байна. Мөн вакцинд дийлдэхгүй гэсэн нотолгоо ч алга” гэж Борис Жонсон иргэдээ тайтгаруулсан байна.
Хамгийн хатуу болох халдварт өвчний аюулын дөрөвдүгээр түвшин нь үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй дэлгүүрүүд, үсчин, спорт заалуудын үйл ажиллагааг хоригложээ. Түүнчлэн дотооддоо болон хилийн чанадад зорчихгүй байх, онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Халдварт өвчний дэгдэлтийн дөрөвдүгээр түвшин хэрэгжиж буй бүс нутгуудаас орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Эдгээр бүс нутагт 20 сая орчим хүн оршин суудаг байна.
BBC