Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал өнгөрсөн хоногийн буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн эрчим хүчний хэрэглээний талаар мэдээлэл өглөө.
Өчигдрийн байдлаар эрчим хүчний оргил ачаалал 1,268 МВт-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13% өссөн байна. 142 МВт-аас өссөн энэхүү оргил ачааллыг ОХУ-аас 192 МВт эрчим хүчийг импортолж, давжээ.
Энергийн хувьд өмнөх оны мөн үед 20 сая кВт.цаг эрчим хүч хэрэглэсэн бол өчигдөр энэ тоо 21.3 сая мВт.цаг болж өссөн байна.
Цахилгааны хэрэглээний үнийг төрөөс даах тухай Засгийн газрын шийдвэр гарснаас хойших хоёр дахь өдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны эрчим хүчний системийн хамгийн оргил ачаалал 1,308 МВт хүрсэн. Харин өчигдрийн байдлаар уг түвшнээс 40МВт буурчээ.
Импортын эрчим хүчний тухайд арванхоёрдугаар сарын 15-нд 252МВт болсон бол өчигдөр 192 болж буурсан үзүүлэлттэй байна.
Өчигдөр оргил ачааллын үед 42 ААН цагийн шилжүүлэг хийж, эрчим хүчний хэрэглээнд дэмжлэг үзүүлжээ.
“Диспетчерийн үндэсний төв”-ийн Диспетчер инженер Б.Цэрэнбат одоогийн хэрэглээ ямар байгааг мөн танилцуулав.
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өчигдөр 755 МВт байсан бол өнөөдөр 726 МВт болж буурсан байна.
Ерөнхий үзүүлэлтээрээ тариф тэглэсэнтэй холбоотой өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад цахилгааны хэрэглээ өсжээ.
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний оргил ачаалал өмнөх хоногоосоо таван хувь өссөн байна. Гэр хорооллын ачаалал өөрчлөлтгүй байна.
Улаанбаатар хотод ачаалал өссөн чиглэлүүдийг УБЦТС-ний албаны дарга Т.Мөнхболд танилцууллаа.
- Зуслан
- Нисэх, Яармаг
- Баянхошуу чиглэлд өмнөх оны ачааллын үеэс илүү өсөлттэй байгаа бол бусад чиглэлийн эрчим хүчний ачаалал өөрчлөлт багатай байна.