Ардчилсан намын X их хурал энэ сарын 18-аас 19-ны хооронд хоёрё өдөр болж өндөрлөлөө. Уг намын хурлын үеэр Ардчилсан намын лого бүхий “Ардчилсан нам” гэсэн фэйж хуудсанд “Д.Сосорбарам: Өнөөдрөөс эхлээд Сосорбарам Монголын Ардчилсан намаас гарсан #Гүйцээ!! !! !!” гэсэн гарчигтай видео байршсан нь олон нийтийг багагүй төөрөгдөлд оруулаад байна.
фэйсбүүкт “Ардчилсан нам” гэсэн хоёр пэйж хуудас байдаг юм байна. Нэг нь 62 мянган дагагчтай. Нөгөө нь 1,5 мянган дагагчтай гэсэн үг. Мэдээж энэ хоёр хуудасны аль нь албан ёсны, аль нь албан бус хаяг болохыг хамгийн түрүүнд ялгаж, таньж сурах нь албан ёсны эх сурвалжийн мэдээллийг олж авахад дөхөмтэй.
Ардчилсан нам гэсэн бичигний ард зөв гэсэн тэмдэглэгээтэй байгаа энэ пэйж хуудас бол “Ардчилсан намын албан ёсны хуудас. Мэдээллийн идэвхжлээс харахад албан ёсны хуудас нь мөн байна гэж үзэж болохоор байгаа юм.
Харин тэмдэглэгээгүй хэрнээ “Ардчилсан нам” гэсэн бичигтэй энэ хуудас албан ёсны хуудас мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд ямар ч тэмдэглэгээгүй. Мэдээллийн идэвхжил бага харагдана билээ. Тэгэхээр энэ хуудас ямар нэгэн зорилготой ашиглагддаг хуурамч хуудас гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Калифорни-Сан Диегогийн их сургуулийн эрдэмтэд хүн өдөрт дунджаар 34 GB мэдээлэл хүлээж авдаг гэж судалгаандаа дурьджээ. Энэ их мэдээ, мэдээлэл дунд амьдарч буй бид мэдээллийн үнэн зөв, бодит эсэхийг хэрхэн ялгаж, салгахад суралцах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Технологи үсрэнгүй хөгжиж буй энэ цагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ, мэдээллээ сайтар нягталж үнэн зөв мэдээлэх үүрэг хариуцлагатай тулгарч байна.
Түүнчлэн иргэд ч мөн адил мэдээллийг шууд түгээхээсээ өмнө үнэн зөв эсэхийг ялгаж, таньж сурах нь чухал болоод байна.
Ямартай ч цахим хуудсанд түгээгдэж байгаа аливаа нэг асуудал дагуулж буй мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн… Өнгөрсөн үйл явдлыг өнөөдөр болсон мэтээр ойлголт өгөх нь элбэг байдаг.
Үүний нэг жишээ нь Ардчилсан намын албан ёсны мэдээлэл түгдэг хуудастай адилхан нэр, логотой “Ардчилсан нам” нэртэй хуудас нь өмнө болсон үйл явдлын бичлэгийг хэсэгчлэн тасдаж, өчигдөр байршуулснаар Ардчилсан намын хурал нэлээн шуугиантай, зөрчилтэй болсон мэт ойлголтыг нийгэмд өгөөд байна.
Уг бичлэгийг тогтож сайн харвал Шинэ намын Л.Болд харагдана. Энэ нь л энэ мэдээлэлд эргэлзэх нэг үндэслэл болох юм. Гэтэл эргэлзэх нь битгий хэл, бичлэгийг үнэмшин хүлээн авч, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, хоёр хуваагдан бие биенээ үгүйсгэсэн, буруутгасан, элдвээр доромжилсон, Л.Болдын ардчилсан намын хурлаас зайлуул… гэх мэт үзэн ядсан өнгө аястай сэтгэгдлүүдийг бичсэн байгаа харагдаж байна.
Ардчилсан намын хувьд нөлөө бүхий намуудын нэг. Нийгэмд тодорхой хэмжээний нөлөөтэйн хувьд албан ёсны мэдээлэл түгээдэг хуудсаа хуурамч хаягнаасаа ялгаж, салгах, хуурамч олон нийтийг төөрөгдүүлэхүйц хуудас, хаяг байгаа эсэхийг нягталж, шалгаж, үүнийг хаалгах тал дээр анхаарал хандуулах ёстой болов уу.
Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад хуурамч мэдээлэл хувь хүний эрх ашгаас эхлээд улс орны хэмжээнд нөлөөлөхүйц хүчтэй болж байгааг судлаачид анхааруулсаар байгаа юм. Олон нийт үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллээс болж төөрөлдөх, бусдын талаар буруу ойлгох улмаар өөрсдөө хохирогч болох эрсдэл дунд амьдарч байна.
Дийлэнх хүмүүс цахим орчин дахь мэдээллийг үнэн бодитой эсэхийг ялгаж чаддаггүй. Үүнийг нь зарим нэг ашиг сонирхолтой этгээдүүд ашигладаг. Худал хуурмаг мэдээ мэдээлэл зохиож, цахим орчинд тараах явдал нь ихэнхдээ мөнгөний, улс төрийн эсвэл өөр бусад нуугдмал ашиг сонирхлын үүднээс хийгддэг аж.
Ямартай ч иргэд болон нийгмийн тодорхой институтууд хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэлтэй тэмцэх шаардлага хаана хаанаа тулгарч буй.
Н.БАТАА