Орос, Их Британи, Канад гээд дэлхийн хэд хэдэн улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлээд байна. Ингэхдээ нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, эрсдэлт бүлгийн өндөр настнууд эсвэл архаг хууч өвчтэй хүмүүс вакцинжуулалтад хамрагдаж байгаа юм.
Гэвч 2020 оны турш хүлээгдэж байсан вакцин тэр бүр санасан үр дүнд хүрэхгүй байгаа аж.
Орост явуулсан хэд хэдэн санал асуулгаар “эдийн засгийн идэвхтэй” хүн амынх нь олонх нь вакцинжуулалтыг эсэргүүцжээ. Superjob-оос 1600 хүнд асуулга явуулахад 44% нь эсрэг саналаа өгсөн байна. Харин 22% нь л бүртгэлтэй ямар ч вакциныг хийлгэхэд бэлэн гэжээ.
Гайхалтай нь эмч нар ч мөн вакцинжуулалтыг эсэргүүцсэн байна. “Эмчийн лавлах” үйлчилгээнээс наймдугаар сарын дундуур ийм санал асуулга явуулахад 3000 гаруй эмчийн олонх нь буюу 52% нь Оросын Гамалейн төвд бүтээсэн тарилгыг хийлгэхэд бэлэн биш байна гэжээ. Олон эмч энэ вакцины үр дүнгийн тухай мэдээлэл байхгүй, вакциныг хэтэрхий богино хугацаанд хийсэнд гайхаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэгвэл 300 мянга гаруй хүн коронавирус болон түүний үр дагавраар өөд болсон АНУ-д энэ тоо арай дээгүүр байна. Ассошэйтед Пресс агентлагаас явуулсан санал асуулгаар америкчуудын бараг тал хувь нь тарилга хийлгэхэд бэлэн гэжээ.
Харин 26% нь эсэргүүцсэн байна. Мөн дөрөвний нэг нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэсэн. Америкт сүргийн дархлаа тогтоохын тулд дор хаяж 70%-д нь вакцин хийх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байгаа юм. Америкт хүмүүст ихэвчлэн вакцины сөрөг нөлөөнөөс болгоомжилж байгаа аж.
Вакцин аюултай юу, үгүй юу?
Товчхон хэлэхэд коронавирусийн вакцин аюултай байж болзошгүй гэх ямар ч үндэслэл алга. Онолын хувьд таагүй хариу урвал үзүүлэх магадлалтай ч энэ нь харьцангуй бага.
Тиймээс л боломжит бүхий л сөрөг нөлөөг урьдчилж илрүүлэхийн тулд эрдэмтэд тун багаас нь эхлэн туршилт явуулдаг.
Эхлээд дээжийг лабораторид туршиж үзээд, амьтдад туршилт хийнэ. Үүний дараа л хүнд дээр туршдаг байна. Жишээ нь гэхэд Pfizer, BioNTech-ийн вакцины туршилтад 40 мянган хүн оролцсон.
Үүнээс гадна гарсан үр дүнг судлах нэмэлт шалгалтыг Британийн эм, эмийн хэрэгслийг зохицуулах агентлаг, АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газар, Оросын ЭМЯ зэрэг тохируулагч газрууд явуулдаг.
Тэгвэл яагаад сөрөг нөлөө илэрдэг вэ?
Ийм зүйл бусад вакцинд ч байдаг. Нэг ч эмийн хэрэгсэл сөрөг үр дүнгүй байна гэж үгүй. Энэ нь бүх гаж нөлөө өвчтөн бүрт илэрнэ гэсэн үг биш. Энэ нь гаж нөлөө илэрч магадгүй, үүнийг хэвийн хариу урвал гэж тооцно гэсэн үг юм. Ихэвчлэн богино хугацааны хөнгөн, дунд зэргийн хариу урвал үзүүлж, цаашид хүндрэхгүй байж болно.
Жишээ нь гэхэд тарьсан газар хөндүүрлэх, толгой, булчин өвдөх, чичрүүдэс хүрэх, биеийн халуун нэмэгдэх, ядрах мэдрэмж төрөх зэрэг байж болно. Энэ бүх сөрөг нөлөө хэдхэн хоногийн дотор үгүй болдог. Мэдээж зарим үед өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд ч саад болохыг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс анхааруулж байна.
Гэхдээ таагүй мэдрэмж хэдхэн хоногийн дотор арилах ёстой. Америкийн Science Сэтгүүлд бичсэнээр Америкийн вакцинууд ихэнх хүнд сөрөг нөлөө үзүүлээгүй, өдөр тутмын ажлаа хэвийн явуулж байсан гэжээ. Pfizer, Moderna-гийн вакцин хийлгэсэн хүмүүсээс 2 хүрэхгүй хувь нь л 39-40 градус халуурсан байна.
Оросын “Спутник V”-ийг бүтээгчид ч халуурах, бие сулрах, толгой өвдөх зэрэг сөрөг нөлөөний талаар ярьж байгаа. Гэхдээ хэдхэн хоногийн дотор арилна гэжээ.
Энэ асуудлаар Стэнфордын их сургуулийн тархвар судлаач Ивонна Мальдонадо “Ихэнх вакцинд багахан хэмжээний сөрөг нөлөө гарч болно.
Энэ бол бие махбодоос вакцинд үзүүлж байгаа дархлааны болон үрэвслийн хариу урвал юм” хэмээн мэдэгджээ.
Харин харшлын урвал илрэх үү?
Вакцинжуулалт эхэлсэнтэй зэрэгцээд зарим вакцинд харшлын хурц урвал илэрсэн тухай мэдээлэл гарах болсон. Ялангуяа Британийн Эрүүл мэндийн үндэсний системийн хоёр ажилтан Pfizer, BioNTech-ийн вакцинаас харшилсан гэх мэдээлэл их яригдаж буй.
Энэ хоёр хүн харшилтай бөгөөд адреналинтай тусгай тариур хүртэл авч явдаг байжээ. Харин одоо тэдний бие сайн байна. Үүнээс гадна тэдэнтэй хамт нэг өдөр мянга орчим хүн тарилга хийлгэхэд сөрөг нөлөө ажиглагдаагүй аж.
Аляскт мөн ийм явдал тохиосон. Энэ тохиолдол тухайн эр тарилгаас өмнө харшилгүй байсан гэжээ. Харин эпинефрин хийлгэсний дараа харшлын урвал нь багасчээ. Энэ вакциныг үйлдвэрлэгчид мэдээлэл дээрээ бүтээгдэхүүнд агуулагдах ямар нэгэн бодисоор харшилтай нь батлагдсан хүмүүс хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа.
Pfizer, BioNTech-ийнхон болохоор загатнах, тууралт гарах, амьсгаадах, нүүр, хэл хавагнах шинж илэрнэ гэжээ. Энэ тайлбар нь өвчтөнүүдийг айлгаж болзошгүй байна. Хамгийн гол нь эдгээр хүмүүст яаралтай тусламж үзүүлэх шалгагдсан арга бий.
Үүнээс гадна коронавирусээс өөр бусад вакцинд ч хувь хүнд илрэх харшлын урвал байдаг. Шинжээчид үүнийг гэнэт зүйл гэж үзэхгүй байгаа юм.
Хэрвээ вакцинууд тийм аюулгүй юм бол улс орны тэргүүнүүд яагаад хийлгэхгүй байна вэ?
Дэлхийн нэг ч удирдагч тарилга хийлгээгүй байна. Ямартай ч хэн нь ч энэ тухайгаа ил зарлаагүй байгаа аж.
Владимир Путины хувьд өдгөө эргэлтэд байгаа вакциныг тодорхой насны бүлгийн иргэдэд хийнэ, тэр насанд нь хүрээгүй байна гэсэн. Гэхдээ тэр боломжтой болмогц хийлгэнэ гэсэн. Тэрбээр одоо 68 настай.
Харин Москва хотын дарга Сергей Собянин 62 настай хэдий ч вакцин хийлгэжээ.
Вакцинжуулалт эхлээгүй зарим улсын төрийн тэргүүнүүд иргэдийнхээ айдсыг үргээхийн тулд түрүүлж вакцин хийлгэнэ гэж амлаж буй.
Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес “Спутник”-ийг сонирхож, хамгийн түрүүнд хийлгэнэ гэсэн бол Филиппиний удирдагч Родриго Дутерте ч мөн “Спутник”-ийг улс оронд нь хүрэлцээтэй болмогц нийтийн өмнө хийлгэнэ, “Над дээр туршсан нь дээр” гэж мэдэгджээ.
Европт болохоор олон удирдагч эмч нар хамгийн түрүүнд тариулах ёстой гэж үзэж байна.
Бусад вакциныг хийх гэж уддаг хэр нь коронавирусийн вакциныг яагаад ийм хурдан гарсан бэ?
Вакциныг зөвхөн хийгээд л болчихдог юм биш. Эрдэмтэд хурдан үйлчилгээтэй, өвчингүй болгохын тулд нэлээд зүтгэдэг. Тиймээс энгийн туршилт, боловсруулалт хэдэн жилээр үргэлжилдэг байна.
Эрдэмтэд эхлээд лабораторийн туршилтуудыг удаан явуулж, бэлдмэлийн үр дүнтэй томъёоллыг гарган авч, боломжит гаж нөлөөг нь тооцдог. Ингээд шаардлагатай технологи нь олдвол амьтад дээр, тэр дундаа оготно дээр клиникийн туршилтаа явуулна.
Ингэхдээ тодорхой вирусээр оготныг халдварлуулаагүй бол эхлээд генийн инженерчлэлийн тусламжтайгаар вирусийн “оготнод тохирох хувилбар”-ыг бүтээх шаардлагатай болдог. Коронавирусийг ч мөн ингэсэн.
Хэрвээ амьтны туршилт амжилттай болбол хүн дээр турших үе рүү шилжинэ. Эхлээд сайн дурын эрүүл хэдхэн хүнийг сонгон авч, 1-р шатандаа аюулгүй байсан гэж итгүүлнэ. Үүний дараа дархлааны хариу үйлдлийн үр дүнг шалгах 2-р үе шат эхэлж, 3-р шатанд хүүхдүүд, өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст хийж болох уу гэдгийг шалгана.
Тарилгын гаж нөлөө тун ховор буюу харьцангуй хожуу илэрч болзошгүй тул (жишээ нь хүүхэд төрөх үед) сайн дурынхны вакцинжуулалтыг хэдэн жилийн турш ажигладаг. Үүний дараа л клиник туршилтын үр дүнгээ гаргаж, амжилттай болсон тохиолдолд нийтэд зориулан үйлдвэрлэдэг байна.
Covid-19-ийн вакцин тун яарангуй явагдаж, зарим асуудлыг нь орхихоос өөр аргагүй болсон. Жишээ нь гэхэд амьтан дээр бараг туршаагүй, шууд хүн дээр хийж эхэлсэн. AstraZeneca зэрэг томоохон боловсруулагчид клиник туршилт эхлэхтэй зэрэгцээд л үйлдвэрлэлээ явуулж эхэлжээ.
Вакцин хийлгэхийн тулд өөр улс руу явж болох уу?
Одоохондоо боломжгүй. Вакцинжуулалт эхэлсэн улс орнуудад хүмүүсээ хамруулах журмыг засаг захиргаанаас нь тодорхойлжээ. Жишээ нь Орост л гэхэд Москвад вакцинжуулалт эхэлж, эрсдэлтэй бүлгийн олон хүнтэй харьцдаг эмнэлгийг ажилтнууд, худалдааны салбар, хотын нийгмийн албаныхан хийлгэж байна. Вакцины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр жагсаалт өргөжнө.
Мэдээж вакцины аялал жуулчлал хийх оролдлогууд гарч байсан. Прагт амьдардаг, орос гаралтай нэгэн бизнесмэн Орост нийтээр нь вакцинжуулалт эхлэхтэй зэрэгцээд л европчуудад аялал зохион байгуулах гэж үзжээ. Энэ аяллын эхлэл үнэ 30 мянган чех крон. Оросын засаг захиргаа үүнийг луйвар гэж мэдэгдсэн байна.
Вакцинууд хоорондоо юугаараа ялгаатай вэ?
Оросын ч, Британийн ч вакцин нэг вирусийн генетикийн материалыг энгийн ханиад үүсгэдэг аденовирусийн бүлгийн өөр нэгэн вирусийн бүрхэвчинд хийдэг векторын технологи ашигладаг.
Энэ бол Эбола зэрэг вакциныг хийхэд хэрэглэж байсан шалгарсан арга юм. Moderna, Pfizer/BioNTech-ийн вакцинууд арай өөр хэлбэр буюу хоёулаа РНК-ийн матрицын инновацийн технологи ашигладаг. Коронавирусээс өмнө энэ технологиор бүтээсэн нэг ч вакциныг хүн дээр хэрэглэхийг сайшааж байгаагүй юм.
“Спуник”, Оксфордын вакцин нь нэг технологиор хийгдсэн юм бол юугаараа ялгаатай вэ?
Ялгаа нь гэвэл “Спутник”-ийг боловсруулагчид хүний аденовирусийн давхаргыг (“доторх”-д нь коронавирусийн хоёр ялгаатай векторыг ашигладаг) ашигладаг бол Оксфордынх шимпанзе сармагчны аденовирус (нэг вектор)-ийг ашигладаг байна.
Энэ нь та тариулснаар аденовирусээр халдварлагдана гэсэн үг биш юм. Харин халдварыг үүсгэдэг аденовирусийн генийг арилгаж, оронд нь коронавирусийн уургийн кодтой ген суулгадаг гэсэн үг. Энэ бол хүний биед аюулгүй технологи. Үүгээр хүн халдвараас хамгаалах эсрэг биет боловсруулдаг байна.
Вакцин хийлгэнэ гэдэг бол ерөнхийдөө эрүүл хүнийг түргэн эдгэрэх баталгаатайгаар вирус, эсвэл нянгаар зохион байгуулалттайгаар халдварлуулж байгаа үйлдэл юм.