“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Якоб Стаусхолм томилогдохоор боллоо.
Якоб Стаусхолм нь 2018 онд тус компанийн санхүү хариуцсан захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд Европ, Латин Америк, Ази, Номхон далайн орнуудад капитал болон үйлчилгээний салбаруудад 25 жилийн турш удирдах албан тушаал хашсан туршлагатай нэгэн ажээ.
Түүнийг Рио Тинтогийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсоноор оронд Питер Каннингэмийг санхүү хариуцсан захирлаар түр томилохоор болсон байна.
Харин Рио Тинто группийн өнөөгийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх аж.
“Рио Тинто” Австралийн баруун бүсэд төмрийн хүдэр олборлох зорилгоор тэсэлгээ хийхдээ нутгийн уугуул абориген хүмүүсийн эртний дурсгалыг хадгалдаг агуйг сүйтгэсэн нь австраличуудын эсэргүүцэлтэй тулгарахад хүргэсэн.
Аборигенууд болон Рио Тинтогийн хөрөнгө оруулагчид Австралийн уугуул иргэдийн соёлын өвийг устгасан явдалд тус компанийн удирдлагууд илүү том хариуцлага хүлээх ёстой гэх хүчтэй шахалтыг үзүүлсэн юм. Тиймээс компанийн ТУЗ-өөс өнгөрөгч есдүгээр сард гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак болон өөр хоёр удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх болсноо мэдэгдсэн байдаг.
Л.Баяр