Арванхоёрдугаар сарын 16-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, Архангай аймгийн вирус судлалын лабораторид 10,599 шинжилгээ хийлээ. Ингээд 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Таван тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Харин хоёр хүн нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд юм.
Тус иргэд нь 12.09, 12.11-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байсан бөгөөд хэвтэх үедээ коронавирусийн шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байна. Харин 4, 5 дахь хоногийн шинжилгээнээс коронавирус илэрсэн аж.
Өчигдөр 18.00 цагаас Баянзүрх дүүргийн эмнэлэг халдвар хамгааллын хатуу дэглэмийг хэрэгжүүлж, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлах, шинжилгээ авах ажлыг эхлүүлжээ. Ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарлах байранд хүргэж, 171 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан байна. Хоёрдогч хавьтлаар 200 гаруй хүнийг тогтоож, гэр гэрт тусгаарлах ажлыг хийж байна. Энэ хоёр тохиолдолд нь хүн амын дундаас гарсан шинэ халдвар гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр