Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, иргэн, хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжин, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хэрсүү гурвалжин” хамтын шийдэл нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэн, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газрын хамт олонд хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлын тухай, Миний гэр аюулгүй орчин зэрэг 10 төрлийн тараах материал гарын авлагыг хүлээлгэн өглөө.
Дэлхий даяар тархаад буй “COVID-19” шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх тоо өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсээр байна.
Мөн хүчирхийлэл үйлдэгч нь хүүхэд, эмэгтэйчүүдтэй хамт тусгаарлагдаж, мэдээлэх боломжгүй далд хэлбэрт орж байгаа нь тэдэнд туслах боломжуудаас холдуулж хаалганы цаадах хүчирхийллийг илрүүлэх боломжгүй болж байгаа юм.
Иймээс гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийгмийн салбар нэгж бүрийг татан оролцуулж хөл хорионы үед тасралтгүй ажиллаж байгаа ХУДГИЙН УС ТҮГЭЭГЧ- ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ – ХӨРШ гэсэн хэрсүү гурвалжингийн гурвалсан холбоогоор дамжуулан гудамж, орц, байрныхаа хүүхдүүдийн хөхөрсөн нүд, доголсон хөл, хүнс, хоолны дутагдалтай байгаа зэргийг хэрсүү ажиглан мэдэж мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэнх ажлын нэг оролцогч нь Ус сувгийн удирдах газрын хамт олон юм.
Ард нийтийн амар тайван байдлыг дэмжин бэлэн байдлын үед Ус сувгийн удирдах газрын 1216 ажилтан Улаанбаатар хотын усны сүлжээний хэвийн байдлыг ханган 673 цэгээс ундны цэвэр усаар ханган ажиллаж байгаа юм.
Тиймээс хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал бөгөөд энэ өдрөөс эхлэн ХУДГИЙН УС ТҮГЭЭГЧ нар сайн дурын хүүхэд хамгаалагч боллоо.
Иргэн Таны орчин тойронд хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй болон үйлдэгдэж байгаа тохиолдолд та хараагүй мэт, сонсоогүй мэт өнгөрөлгүй Хүүхдийн тусламжийн утас-108, Цагдаагийн 102, 107-д мэдэгдэж хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, амь насыг хамгаалахад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газар