Японы нийслэл Токио хотын шүүхээс 30 настай Такахиро Шираишиг дүүжлэн хороох ял оноолоо. “Твиттер алуурчин” хэмээн сэтгүүлчид цоллох болсон түүнийг Твиттерээр амиа хорлох бодлоо хуваалцсан эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Шүүхийн заал 16 сонсогчийн суудалтай ч түүнд оноосон шийдвэрийг сонсохын тулд шүүхэд 400 гаруй хүн цугларсан байна.
Шираиши өмнө нь Токиогийн “улаан дэнлүүний хороолол” гэгддэг шөнийн клуб, массажны салон, дурлалын зочид буудлуудаар дүүрэн Кабүкитё дүүрэгт ажиллах хүч сонгогчоор ажилладаг байжээ. Танилууд нь түүнийг хөгжилтэй, нийтэч хүн хэмээн тодорхойлсон бол өмнө нь уулздаг байсан найз бүсгүй нь түүнийг эмэгтэйчүүд рүү хэзээ ч дайрахааргүй боловсон эр гэж дүгнэжээ.
Шираиши нь эцэгтэйгээ энгийн харилцаатай байсан. Эцэг нь Токиогоос нэг цаг явах зайд, Жама хотод аж төрдөг байжээ. 2017 оны наймдугаар сард энэ залуу өөрөө ч Жама хотод нүүж ирсэн байна. Харин 2017 оны аравдугаар сард түүний 13,5 метр квадрат байрнаас хүний 9 толгойтой хөргөгч илэрчээ. Хүний толгойнуудыг муурны элсээр дүүргэж, үнэрийг нь дарах гэж оролдсон байна. Түүнчлэн байрнаас нь 240 орчим яс олджээ. Японы хэвлэлүүд тухайн үед байрыг “Аймшгийн гэр” хэмээн нэрлэж байв.
Шираиши Твиттерээс амиа хорлох бодолтой эмэгтэйчүүдийг олж, тэдэнд “туслах” санал тавьдаг байсан гэнэ. Тэрбээр хүн амины хэрэг үйлдсэн гэдгээ тэр дороо хүлээжээ. Тэрбээр нэлээд хэдэн аккаунт ажиллуулдаг байсан аж.
Аккаунтаараа дамжуулан олсон эмэгтэйчүүдээ тэрбээр гэртээ урьж, архи, нойрсуулах эм уулган ухаангүй болгож байгаад хүчирхийлж, хөнөөдөг байжээ. Бүр заримыг нь тонон дээрэмддэг байсан гэнэ. 2017 оны 8-10-р сарын хугацаанд тэрбээр 15-26 насны 8 эмэгтэйг хөнөөж, мөчилсөн гэнэ. Бас нэг хохирогч нь нэг алга болсон эмэгтэйн найз гэх 20 настай эрэгтэй байжээ.
Шираишийн нэг хохирогчийнх нь ах тухайн эмэгтэйн аккаунт руу ороод, Шираишитай бичсэн чаатыг нь илрүүлснээр цагдаа нар түүний ул мөрийг олжээ. Шираишийн өмгөөлөгч хохирогчид нь өөрсдөө зөвшөөрсөн гэж мэдэгдсэн байна.
Харин Шираиши хохирогчоо хөнөөж байх үед тэд эсэргүүцэл илэрхийлж байсан гээд энэ бүгдийг үгйүсгэсэн байна. Шүүх шинжилгээгээр Шираишиг ухаан нь хэвийн гэсэн ч хүн хөнөөж байхдаа согтуу, мансуурсан байж болзошгүй гэж дүгнэжээ.
Ширашиг баривчилсны дараа Twitter-ээс бусдыг амиа егүүтгэхэд уриалсан хэрэглэгчдийг блоколж эхэлсэн байна. Энэхүү цуврал гэмт хэрэг аллага бага гардаг Японд олон хүнийг цочирдуулсан юм.
ДЭМБ-ын 2016 оны мэдээллээр Япон улс Их-7-гийн орнууд дотроо амиа хорлолтоороо тэргүүлдэг аж. 2019 онд тус улсад 20 169 хүн амиа егүүтгэсэн нь 1978 оноос ийм нас баралтыг хөтөлж эхэлсэн цагаас хойших хамгийн бага тоо болсон байна. Харин цар тахлын нөлөөгөөр зөвхөн аравдугаар сард л гэхэд 2153 хүн амиа хорложээ.