УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.
Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2020.12.15) коронавируст (Ковид-19) халдвараар өвчилсөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг цахимаар сонсож, нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуралдлаа.
Уг цахим хурлыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явуулсан бөгөөд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, ажлын нөхцөл байдал, эрсдэл, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.
Манай улсад төдийгүй дэлхий дахинд Коронавируст (Ковид-19) халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийн асуудал тулгамдаж байна. “Одоогийн байдлаар манай улсад нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан гаргасан таван зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа.
Шаардлагатай арга хэмжээний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн. Тулгамдаж буй асуудал бол хүний нөөц, барилга, өрөө тасалгааны дулаалгын асуудал байна. Сүүлийн үед цахим сүлжээгээр иргэдийн дунд ХӨСҮТ-ийг бүрэн тусгаарласан, асуудал хүндэрсэн гэдэг ташаа мэдээлэл түгээх хандлага гарч байгаа нь эмч, сувилагч, ажилтнуудын сэтгэл санаанд нөлөөлөх, нэр хүндэд нь халдах зэрэг сөрөг үр дагаварыг үүсгэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд PCR шинжилгээнд нийт иргэдийг хамруулах шаардлагатай эсэхийг асуухад тандалт хийх байдлаар шинжилгээ хийх нь эдийн засаг болоод илрүүлэлтийн хувьд үр өгөөжтэй гэж ХӨСҮТ-өөс хариулав.
Ажлын хэсгийн гишүүд эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутмаг байгааг анхаарах, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулж тулгамдаж буй асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэх, шинжилгээний аппарат, хүний нөөцийг нэмэгдүүлж бэлтгэл ажлаа хангах талаар ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өглөө.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, Интерактив ХХК-ийн захирал Б.Ууганбаяр нар 119.mn вебсайтын талаар танилцуулав.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар тодруулж, цаашид Нийгмийн бодлогын байнгын хорооноос шаардлагатай дэмжлэг үзүүлж, Эрүүл мэндийн сайдтай уулзаж асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.