УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.
Тэрбээр, манай улсад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна.
Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан болохыг танилцуулгын эхэнд дурдав.
Хуулийн төслийг боловсруулахдаа, Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (ISHR) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлан Хүний эрхийн Үндэсний Комиссын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” болон “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаа болон “Хүний эрхийн төлөө олон улсын байгууллага”-аас дэлхийн 40 гаруй улс орнуудын хууль тогтоомжид хийсэн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын ХЭДКГ-аас хуулийн төсөлд өгсөн санал, 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ХЭҮК, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад оролцсон талуудын илэрхийлсэн санал зэрэг холбогдох материалыг ашигласан болно.
Хуулийн төсөл нь 4 бүлэг 15 зүйлтэй. Хуулийн төслийн нэгдүгээр бүлгийн нэр томъёоны хэсэгт “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” үйлдлийг тусгайлан тайлбарласан. Мөн “Хуулийн үндсэн зарчим” хэсэгт хүний эрхэм чанарыг хүндэтгэх, ёс зүйтэй байх зарчмыг тусгаснаар аливаа этгээдийн үйл ажиллагаанд удирдлага болгох чиглэлийг хуульчилсан.
Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг улам өргөжүүлж, тусгайлан баталгаажуулахын зэрэгцээ үйл ажиллагаагаа явуулахдаа хориглох зүйлийг тусгайлан зааж өгсөн болно.
Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн байхаас үл хамааран хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, тэдний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, мөн төрийн тусгайлан хүлээсэн үүргийг зааж, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн баталгааг тусгасан.
Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт Үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулахаар хуульд заасан ба гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан.
Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн.
Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ.
Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай харилцан уялдаатай боловсруулагдсан болно гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан уг хуулийн үзэл баримтлалыг дэмжиж, нэн яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэхийн сацуу хууль санаачлагчаас УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэллээ.
Тухайлбал, гадаад орнуудад амьдарч, ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хууль эрх зүйн ямар туслалцаа үзүүлдэг эсэх талаар тодруулав. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тайлбарлахдаа, гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлсээр ирсэн, харин хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн баталгааг хангах хүрээнд гадаадад буй иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхээр судлан ажиллаж байна гэв.
Ингээд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, саналаа хэлсний дараа Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,5 хувь дэмжив. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил ажиллах бол ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж ажиллуулахыг Байнгын хорооноос дэмжлээ.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс