Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл айл, өрх зарим аж, ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцаж, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэрийг гаргаад байна.
Цахилгааны төлбөрийг бүрэн чөлөөлж, шахмал түлшний үнийг бууруулсантай холбогдуулан цахилгаан хэрэгслийг дураараа хэрэглэж, цахилгаан дамжуулах утасны хэт ачааллыг нэмэгдүүлэн, богино холболт, шилжилтийн эсэргүүцэл үүсгэж улмаар гал гарах эрсдэлийг дагуулж байгаа юм.
Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.
Үүнд:
- Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
- Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
- Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
- Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
- Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
- Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
- Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
- Сайжруулсан шахмал түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.