Монгол Улсаас Украин Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бархасын Дорж Итгэмжлэх жуух бичгээ Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийд 2020 оны 12 дугаар сарын 11-нд өргөн барив.
Энэ ялдамд Элчин сайд Б.Дорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленьскийд уламжилж, Украины Гадаад хэргийн Дэд сайд Евгений Енин болон албаны бусад хүмүүс, бизнесийн зарим төлөөлөлтэй уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцлаа.
Түүнчлэн дээд өндөр түвшинд харилцан айлчлал хийх, парламент хоорондын харилцааг сэргээх, Засгийн газар хоорондын комиссын хурал, ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг хийх зэрэг тодорхой асуудлаар талууд санал солилцсон байна.
Эх сурвалж: ГХЯ