Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан айл өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2020.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулахаар болсон. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс дотооддоо халдвар илэрч, хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын иргэн бүр хариуцлагатай байж, тархалтыг хумих, хязгаарлах үйл ажиллагаанд үүргээ биелүүлж оролцсон.
Мөн халдварын тархалтыг илрүүлж, зогсоох, хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, мэргэжлийн байгууллагууд, уртасгасан цагаар хичээж ажилласан төрийн албан хаагчдын зүтгэлээр цар тахлын тархалтын голомтуудаа тодорхойлж, тодорхой хэмжээнд хумьж чадлаа. Нийслэлийн онцгой комиссоос зохион байгуулсан “Нэг өрх – Нэг иргэн” тандалтын шинжилгээнд хамрагдсан 70 гаруй мянган иргэдээс хариу нь гарсан 57000 шинжилгээ бүгд сөрөг болохыг ЭМЯ-аас бидэнд мэдээллээ. Энэ нь авсан арга хэмжээ маань үр дүнтэй байж, Улаанбаатар хот тархалтын хүрээг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадсаныг харуулж байна.. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрт нийслэлийн иргэдийнхээ өмнөөс миний бие талархаж буйгаа илэрхийлье. Мөн төрөөс ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж байгаа ч иргэд, өрх айлууд маань хэвийн хэмжээндээ зохистой хэрэглэхийг нийслэлчүүддээ хандан уриалж байна” гэлээ.
Мөн тэрбээр нийслэлийн төсвийн талаар хэлэхдээ “Улаанбаатар хотын төсвийн нөхцөл байдал амаргүй байгаа. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг Засгийн газар үе шаттай авч хэрэгжүүлсэн. Энэ нь хотын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Улаанбаатар хотын төсвийн ихэнх хэсэг нь ХАОАТ-аас бүрддэг. Тиймээс бид хотын хэмжээнд татварын бодлогыг сайжруулахаар холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна. Нөхцөл байдал сайжрах байх” гэв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс