Арванхоёрдугаар сарын 8, 9, 10-нды өдрүүдэд ХӨСҮТ-ийн ажилчдаас гурван хүн коронавирусийн халдвар авсан.
Үүнд:
Эхний ажилтан: ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний багт ариутгагч хийдэг байсан ба коронавирусийн халдвар авсан хүмүүсийг зөөвөрлөх, тусгаарлах, эд зүйлсийг ариутгах, түүнчлэн зөөвөрлөн ирсэн машинд ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг байжээ.
Одоогоор энэ тохиолдлын ойрын хавьтал 29 хүнийг тусгаарласан бөгөөд эдгээр хүмүүсээс хоёр дахь давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Хоёр дахь ажилтан: ХӨСҮТ-ийн лаборантаар ажилладаг бөгөөд тусгаарлалтад байгаа хүмүүсээс сорьц цуглуулах, лабораторид ирсэн сорьцыг дугаарлах үйл ажиллагааг зохион байгуулдаг ажээ.
Тусгаарлалтын хугацаа дуусч, гэртээ очоод нэг хоносны дараагаар халдвар авсан нь тогтоогдсон байна. Одоогоор тухайн хүний ойрын хавьтал 44 хүнийг тусгаарласан бөгөөд эхний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Гурав дахь ажилтан: ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасгийн туслах сувилагчаас коронавирус илэрсэн. Тухайн ажилтан Сүрьеэтэй өвчтөнүүдийн бичиг баримт, шинжилгээгээ нь лабораториудад хүргэж өгдөг, буцааж авах зэрэг ажлыг гүйцэтгэдэг байсан.
Тухайн сувилагч нь арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл тусгаарлалтад байсан. Өмнөх сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал байсан. Сэжигтэй тохиолдол батлагдаагүй учраас тухайн сувилагчийг тусгаарлалтаас гаргаж 8, 9-нд хэвийн ажиллаж байгаад 9-нд дахин шинжилгээ өгч, 10-нд онош нь батлагдсан.
Нийт гурван ажилтны ойрын хавьтал 94 хүнийг тусгаарлан ажиглах байранд байлгаж, ажиглалт тандалтад байна. Одоогоор нэг ч хавьтлаас коронавирус илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварт өртсөн эмнэлгийн эмч, ажилтныг ангилбал 16 хувь их эмч, 39.6 хувь нь сувилагч лаборант, 44 хувь туслах, ариутгагч, үйлчлэгч нар халдварт өртөөд байна.
Дэлхий даяар эмч, ажилтнууд халдвар өртөх нь тохиолдол их байна. ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусээр өвчилсөн хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтнуудын 14 хувь нь халдварт өртсөн байна. Зарим улс оронд 35 хувь хүрч байгаа. Манай улсын хувьд эмч, ажилтнуудын 1.9 хувь нь халдварт өртөөд байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа халдвар авсан эмч, ажилчдын талаар мэдээлэл өглөө.
Л.Баяр