Мөнгөн усны хор хөнөөл, аюулыг монголчууд бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр сонсож, уншиж, үзсээр байгаа. Гэвч хортой, аюултай, хүний удмын санд ч гаж нөлөө үзүүлдэг эл бодисын хэрэглээ алт олборлогчдын дунд байсаар. Уг нь Засгийн газраас 2007 оны дөрөвдүгээр сарын 11-нд гаргасан 95 дугаар тогтоолын II хавсралтад “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар сарын 8-ны А/356/396 дугаартай хамтарсан тушаалын III хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтааж хамруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн усыг хилээр нэвтрүүлэх, ашиглахыг хориглосон ч энэ нь амьдралд төдийлөн хэрэгжихгүй, иргэд наймаалцан хэрэглэсээр, хилээр нууцаар оруулж ирэх тохиолдол ч цөөнгүй гарч байна. Хилээр оруулж ирсэн мөнгөн усаа худалдах гэж байгаад дээрэмдүүлсэн ийм нэг хэргийн хавтсаас сөхье.
ХЯТАДААС 34.5 КГ МӨНГӨН УС ОРУУЛЖ ИРСНИЙГ ГААЛИЙНХАН ХЯНАЛГҮЙ ӨНГӨРӨӨВ ҮҮ
Манай улсын иргэн Э.Ганболд 2016 оны долдугаар сард өвөрлөгч нэгэн хүнтэй тохиролцон битүүмжилсэн төмөр савтай 32.2, ундааны саванд хийсэн 2.41 кг мөнгөн усыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Цагаан хадны гаалийн хяналтын бүс орчимд худалдан авчээ. Улмаар түүнийгээ борлуулахын тулд Улаанбаатар хот руу авчирсан байна. Энэ тухайгаа Э.Ганболд “Би ХААН банканд автомашины зээлтэй, түүнийгээ төлж чадалгүй хугацаа хэтрээд нэлээд удаж байсан юм. Тиймээс мөнгө олох арга сүвэгчилж, мөнгөн ус наймаалбал ахиу орлого олдог гэж хүмүүсээс сонслоо. Тэгээд 2016 оны тавдугаар сард нэг өвөрмонгол хүний сургийг гаргаж, хэд хэдэн хүнээр дамжуулан түүнтэй утсаар нь холбогдож “мөнгөн ус олдох уу” гэж асуув. Гэтэл тэр “Утсаар ийм зүйл ярьдаггүй юм” гээд тасалсан. Тиймээс би Өмнөговь аймаг руу явж, цаашаа хил гараад Одонхүү гэж өвөрмонгол залуутай уулзахад “Мөнгөн ус олж өгнө” гэв. Улаанбаатарт буцаж ирээд үнэ, ханш судлаад долдугаар сарын эхээр дахин БНХАУ руу явж Одонхүүтэй уулзахад нэг кг мөнгөн усыг 200 000 төгрөгөөр олж өгөх өөр тохиролцлоо. Ингэхдээ “Би хил гаргаж чадахгүй, та нар хил давуулаад өгвөл авъя” гэхэд тэд “Маргааш араас чинь хил гаргаад өгнө” гэсэн. Тиймээс 20 250 юань Одонхүүд өгөөд Цагаан хаданд ирээд байж байтал маргааш нь буюу 2016 оны долдугаар сарын 7-нд 34.5 кг мөнгөн ус нэг танихгүй өвөрлөгч эр авчирч, хээр уулзаж өгсөн” хэмээн мэдүүлжээ.
Эндээс Хятадын талаас өвөрлөгч иргэд хэрхэн Монгол Улсын хууль зөрчин мөнгөн ус их хэмжээгээр хил давуулан оруулж ирэв гэдэг нь тодорхойгүй өнгөрөв. Магадгүй Өмнөговийн Гашуунсухайт боомтын хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагынхны хяналт сул байв уу, эсвэл хээл хахууль өгч, авалцан нүдээ аниад өнгөрөөв үү гэдгийг өнөөдөр хэн ч таашгүй.
КГ-ЫГ НЬ 750 000 ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛАХААР ТОХИРОЛЦООД ДЭЭРЭМДҮҮЛЖЭЭ
Иргэн Э.Ганболд 34.5 мөнгөн ус ачин Улаанбаатарыг зорьж, хотод ирээд найз Б.Бямбадоржтойгоо утсаар ярьжээ. Тухайн үед наадам хаяанд тулсан, амралт зугаалгын үе тохиож байсан учраас мөнгөн усаа борлуулах ажил нь хэд хоногоор хойшилсон аж. Арав гаруй хоногийн дараа буюу долдугаар сарын 18-нд Б.Бямбадорж Э.Ганболд руу ярьж “Мөнгөн усыг эхэлж сорьцолж үзнэ” гээд “Сүнжин гранд” зочид буудлын дэргэд “Приус” маркийн автомашинтай хоёр залуутай уулзжээ. Э.Ганболдод өвөрмонголчууд авчирч өгсөн бараа лацтай байсан бөгөөд уг хоёр залууд үзүүлэхийн тулд ломбыг нь хөдөлгөсөн гэнэ. Тэдгээр залуу нь Ц.Ганболд, Г.Рэнцэнмядаг нар бөгөөд үдэш нь тэд нэг кг-ыг нь 750 000 төгрөгөөр авахаар тохиролцон цаг товлон болзжээ. Энэ наймааны зуучлагч нь Б.Бямбадоржийн танил Б.Нандин бөгөөд тэрбээр Ц.Ганболд, Г.Рэнцэнмядаг нартай мөнгөн усны эздийг уулзуулсан юм байна. Ингээд өгч авалцахаар болж, Г.Рэнцэнмядаг Х.Наранбаатар гэх залуу руу утсаар хэлжээ. Харин Х.Наранбаатар нь мөнгөн ус худалдаж авах хүмүүс гээд Гантулга, Өгөөмөр зэрэг залуустай холбогдож, “Цайз” захын ойролцоо бараагаа шилжүүлэхээр болсон аж.
Энэ тухай Г.Рэнцэнмядаг “Х.Наранбаатар мөнгөн ус худалдаж авах гэж байгаа хүмүүсээ дуудсан. Гантулга, Өгөөмөр нар ирж хэмжиж үзчихээд барааг авах хүмүүст үзүүлнэ гээд аваад явсан. Барааны эзэн гэх Э.Ганболдын машинаас мөнгөн усыг нь аваад Өгөөмөрийн машинд хийсэн юм. Ингээд “Тэнүүн” хотхоны гадаа М.Түмэндэмбэрэл гэдэг хүн ирж үзчихээд мөнгөө аваад ирье гээд явсан. Гэвч тэнд мөнгөн усаа үл таних хүмүүст булаалгасан. Энэ барааг яг хэнд зарах гэж байгааг мэдээгүй. Хятадууд мөнгөн ус худалдаж авна гэж байсан. Х.Наранбаатар надад шагнал өгнө гэхээр нь би энэ ажилд оролцсон” гэж ярьжээ.
34.5 кг мөнгөн усыг олон шат дамжлагаар худалдан авахаар тохиролцсон хүмүүс нь улсын дугааргүй “Лексус-470” машинд барааг ачаад Зүүн дөрвөн зам, “Нарантуул” захын хойд талын гэр хороолол гэх зэрэг газраар дамжин зугтсан гэнэ. Энэ дээрмийн хэргийг нэг иргэн цонхоороо харж, улмаар цагдаагийн байгууллагад утасдаж мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагад ажилладаг иргэн А энэ тухай гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2016 оны долдугаар сарын 18-ны 20.00 цагийн үед гэртээ байж байтал манай хойд талд “Приус” маркийн автомашин ирсэн. Түүнээс хоёр өндөр залуу буугаад тээшиндээ байгаа зүйлийг шалгаж байхад нь улсын дугааргүй суудлын хоёр автомашин хүрч ирж, 4-5 залуу буусан. Тэд нүүрээ халхалж, алчуур боон, гартаа бороохой барьсан байв. Тэд “Приус”-тэй хоёр залууг газар хэвтүүлэн гарыг нь хүлж, нүдийг нь боогоод машинд нь суулгаад авч явах гэж байхад нь би гэрээсээ гарч очин тэдний нэгийг ч болтугай барья гэж бодсон боловч бүгд машинд суугаад зугтсан юм. Тэр олон залуугийн нэг нь машинаас хар бүтээлэгтэй зүйлийг авч явсан” хэмээжээ.
ТАГНУУЛЫН АЖИЛТНЫ НЭР БАРЬЖ МӨНГӨН УСЫГ НЬ БУЛААСАН ХЭРЭГ ХААЧИВ
Ийнхүү хууль бусаар хил давуулан оруулж ирж худалдах гэж байсан мөнгөн усыг нь М.Түмэндэмбэрэл, Э.Даажамба, Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ нар дээрэмдсэнийг хууль сахиулагчид тогтоожээ. Тэдний мэдүүлгээс үзвэл тухайн хэрэг болдог өдөр Нэргүй гэх хүн Э.Даажамба руу утасдаж М.Түмэндэлбэрэлтэй нөгөө гурвыг нь уулзуулжээ. М.Түмэндэмбэрэл нь өөрийгөө тагнуулын байгууллагад ажилладаг гэж танилцуулан, үнэмлэх үзүүлээд “Хэдэн хүн хууль бус зүйл зарах гэж байгаа юм. Тэднийг барьж үйлдлийг нь таслан зогсооход хамтарч оролцох боломж байна уу, Ийм үед иргэдээс дайчилж оролцуулж болдог юм” гэж санал тавьсан аж. Тэд тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах юм байна гэж ярилцаад зөвшөөрчээ. Тухайн үдэш тэд “Тэнүүн” хотхоны гадаа очиж, М.Түмэндэмбэрэлийн заасны дагуу “Хэвтээд! Гараа ардаа ав!” гээд машин тээшинд байгаа зүйлийг нь авчээ. Улмаар М.Түмэндэмбэрэл рүү залгахад “Наанаасаа хөдлөөд яв” гэхийн сацуу “Улсаас та нарт шагнал өгнө” хэмээгээд Гандантэгчэнлин хийдийн орчимд уулзаж 60 000 төгрөг хуваан өгч, дараа нь дахин улсаас шагнал өгнө” гэсэн байна. Мөнгөн усыг нь дээрэмдсэн хүмүүсийг хилээр оруулж ирж наймаалцахыг завдсан иргэдтэй хамтатган 2017 онд шүүх хэлэлцэх байсан ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч “Мөнгөн ус наймаалцаж байгаа хүмүүсийн үйлдлийг таслан зогсоохын тулд гүйцэтгэх ажиллагаа хийсэн, үгүй, хуулийн хүрээнд явуулсан, эсэх, түүгээр ямар баримт цуглуулсан, хэрхэн бэхжүүлсэн нь тодорхойгүй байна. Гүйцэтгэх ажиллагаа хийсэн нэрээр бусдаар гэмт хэрэг үйлдүүлсэн, эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай” гэж үзэн хэргийг прокурорт буцаажээ. Давж заалдах шатны шүүх дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч гурван жил гаруйн хугацаанд хэргийн хувь заяа өөрчлөгдөж, тагнуулынхны нэрийг барьсан дээрэмчдийн үйлдлийг тусгаарлан шийдвэрлэхээр болж. Харамсалтай нь өнөөг хүртэл уг хэргийг шүүхээр хэлэлцээгүй гэнэ.
Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургадугаар сарын 22-нд зөвхөн мөнгөн ус хилээр оруулж ирсэн, наймаалцсан хүмүүсийн гэм буруутай, эсэхийг шийдвэрлэсэн байна. Ингээд Э.Ганболдыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдахаар бусдад дамжуулсан, Ц.Ганболд, Г.Рэнцэнмядаг нарыг дээрх барааг худалдахыг завдаж, тээвэрлэсэн, Б.Нандин, Х.Наранбаатар нарыг уг бодисыг хууль бусаар худалдахыг завдан бусдад дамжуулсан хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцов. Улмаар 1-2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах болжээ. Гэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хоёр ч тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, 34.5 кг мөнгөн усыг ОБЕГ-т шилжүүлэв. Давж заалдах болон Улсын дээд шүүхээс тэдэнд оноосон ялыг хэвээр нь баталсан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа