Монгол Улс ерөнхий боловсролын 800 орчим сургууль, 1.2 сая хүүхэдтэй. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийн байцаагчид 12-15 сургууль, 20-25 мянган хүүхэд ногдож байна. Жилийн хугацаанд тухайн байцаагч нийт хүүхдийн 40 орчим хувьд нь л хүрч ажиллах боломжтой байдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ байдлыг сайжруулах үүднээс Засгийн газраас 8000 хүүхэд тутамд нэг хүүхдийн байцаагч байхаар шийдвэрлэж, шаардагдах хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгасан юм.
Үүний дагуу алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдэд 2021 оноос хүүхдийн байцаагчийн албан тушаалын орон тоог нэмэхээр төсөвлөгдөж Хүүхдийн байцаагчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” гэж заасны дагуу хүүхдийн байцаагчийн сул орон тоог цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан бакалавр түүнээс дээш боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй алба хаагчдаас сонгон шалгаруулах ажлыг арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Дээрх шаардлагыг хангасан ахлагчийн албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчид энэ сарын 7-ноос 21-ний өдрүүдэд hrm.police.gov.mn цахим хаягаар бүртгүүлэх ёстой аж. Алба хаагчдад тавигдах ерөнхий шаардлага:
-Эрх зүйн бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
– Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажилласан байх
– Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих чадвартай байх, Жич: Багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэх чиглэлийн мэргэжилтэй болон 1 жилээс доошгүй хугацаагаар дээрх мэргэжлээр ажилласан бол давуу тал болно.
Updown.mn