Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг устгах 16 өдрийн аян”-ы хүрээнд “Дарамт, хүчирхийллийг хориглох тухай” 190 дүгээр конвенц, 206 дугаар зөвлөмжийн талаарх цахим сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчоо захирал Клейр Куртье-Мюлдер болон төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцлоо.
ОУХБ-ын Жендэр, тэгш байдал, ялгаварлан гадуурхалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жони Симпсон “Дарамт, хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенц, 206 дугаар зөвлөмжийн тухай”, Д.Сүнжид, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн “Ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллийг устгах тухай, Монгол Улсын жишээ”-ний талаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Ш.Маяа “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан ажлын байрны дарамт, хүчирхийллийг хориглох зохицуулалт”, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны газрын дарга Э.Энхжаргал “Дарамт, хүчирхийллийн асуудлаар ажил олгогч эздийн байр cуурийг танилцууллаа.
Эх сурвалж: ХНХЯ