УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг дээрх төслийн анхны хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.
Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яамнаас төлөөлөл оролцуулан байгуулсан байна.
Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Үндэсний аудитын газраас төсөлтэй холбоотой саналуудаа ирүүлсэн болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулав.
Түүнчлэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн саналыг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн ажлын хэсэгт ирүүлж, тухай бүр хэлэлцүүлж байсныг дурдав. Тус бүлгээс төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан завсарлага авсантай холбогдуулаад ажлын хэсэг өнөөдөр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хуралдан, зарим асуудлыг зөвшилцсөн гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 5 удаа хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн 50 орчим саналын 40 гаруйг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн болон Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлсэн 30 гаруй саналыг 23 саналыг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 6 багц саналаас 5-ыг, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн 25 саналаас 24-ийг, Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн 5 саналаас 3-ыг, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 11 саналаас 5-ыг, Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн 5 саналаас 3-ыг, Үндэсний аудитын газраас ирүүлсэн 14 саналаас 8-ыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Иймд зохих боловсруулалтыг хийж, зарчмын зөрүүтэй 71 санал, найруулгын 3 багц саналыг боловсруулсан байна.
Түүнчлэн Улсын Их Хурлаас 2019 оны 12 сарын 20 өдөр баталсан Монгол УИХ-ын сонгуулийн тухай хууль, 2020 оны 01 сарын 30 өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зарчим, нэр томьёо, найруулгад нийцүүлэх зорилгоор зарим саналын томьёоллын боловсруулсан байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлж, ажлын хэсгийн дэмжсэн зарим саналаас дурдвал сонгогч саналаа өгснийг илтгэх бэхэн тэмдэглэгээ хийх, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчдын мэдээлэлтэй эрхтэй байх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн асуудлаар гомдол гаргах эрхтэй байхаар төсөлд тусгасан байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсэг бүрд өгч байх, хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолохоор, санал авах байранд дуу, дүрс авах хяналтын камер байрлуулах, сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсвэл ажиллах боломжгүй болсон бол сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч овог, нэр, регистерийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг нь тэмдэглэсэн цахим, цаасан архив үүсгэх талаар төсөлд тусгажээ.
Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хэвлэх, хүргүүлэх, өөрчлөхөд тавих хяналтыг сайжруулахтай холбоотой гэх зэрэг Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн олон саналыг ажлын хэсгийн дэмжин, төсөлд тусгах чиглэлээр ажилласан гэв.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-д заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Төслийн 3 дугаар зүйлд “3.1.11.“эвсэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа Улсын Их Хуралд суудал бүхий намуудыг;”, “3.1.12.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентыг интернетийн домэйн нэр ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг.” гэсэн агуулгатай 3.1.11, 3.1.12 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь 84.6 хувиар дэмжсэн. Төслийн 4 дүгээр зүйлд “4.5.3.нэмэлт санал хураалт гэж энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу явагдах санал хураалтыг.” гэсэн агуулгатай 4.5.3 заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байна.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхийг дэмжив. Төслийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн “жагсаалтаас өөрт нь холбогдох” гэснийг “жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчдын” гэж өөрчлөхийг, төслийн 19 дүгээр зүйлийн 19.6.7 дахь заалтыг хасахыг, мөн зүйлийн 19.10 дахь хэсгийн “тамгын газрын байранд” гэсний дараа “итгэмжлэгдсэн ажилтныг ажиллуулж” гэж тус тус нэмэхийг дэмжсэн юм.
Түүнчлэн төслийн 19 дүгээр зүйлд “19.15.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.” гэсэн агуулгатай 19.15 дахь хэсэг нэмж, дугаар өөрчлөхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.
Төслийн 33 дугаар зүйлд “33.2.8.өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 33.2.8 дахь заалт нэмэхийг гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн бол, 35 дугаар зүйлд “35.11.Энэ хуулийн 33.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.” гэсэн агуулгатай 35.11 дахь хэсгийг тус тус нэмэхийг гишүүдийн олонх буюу 90.9 хувийн саналаар дэмжлээ.
Төслийн 39 дүгээр зүйлд “Ухуулах байрын хаяг нь энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцэнд хамаарахгүй бөгөөд түүнийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.” гэсэн агуулгатай 39.3 дахь хэсэг нэмэхээр санал хураахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь 81.8 хувийн саналаар дэмжлээ. Төслийн 40 дүгээр зүйлд “40.27.Нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байна” гэсэн агуулгатай 40.27, “40.28.Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.” гэсэн агуулгатай 40.28 дахь хэсэг нэмж, холбогдох дугаарыг өөрчлөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.
Түүнчлэн төслийн 41 дүгээр зүйлд “41.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно; 41.12.Энэ хуулийн 41.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.” гэсэн агуулгатай 41.11, 41.12 дахь хэсгийг нэмэхээр шийдвэрлэлээ.
Төслийн 52 дугаар зүйлд “52.6.Энэ хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй намыг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн агуулгатай 52.6 дахь хэсэг нэмэхийг, 55 дугаар зүйлд “55.12.Энэ хуулийн 55.11-д заасан хяналтын камерыг санал авах байранд сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулах боломжит байршилд байрлуулах бөгөөд камер нь дуу болон дүрс бичлэгийн хувьд шаардпага хангасан байна; 55.13.Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журмыг цагдаагийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч батална.” гэсэн агуулгатай 55.12, 55.13 дахь хэсэг нэмэхийг дэмжив.
Ийнхүү төслийн 80 зүйл тус бүрээр хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Түүнчлэн найруулгын саналаар, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн мөн зүйл бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс