Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.
“УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.941 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 15 хүн хамрагдаагүй байна.
Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 2642 ажлын байр, 110.135 м2 талбай, мэргэжлийн байгууллагын 185 ажлын байр, 11.038 м2 талбай, зөөврийн 218 зүтгүүр, ачааны 1053 зүтгүүр, сэлгээний 218 зүтгүүр, гэрээт байгууллагаар 217 галт тэрэг, 10.832 вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.
Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж.
Тээвэрлэлтийн тусгай горим шаардлагатай ачаанаас бусад ачаа барааг Эрээн өртөөнд вагонд шилжүүлэн ачиж тээвэрлэх чиглэлээр урд хөршийн төмөр замын байгууллагатай яриа хэлэлцээ хийгдэж тохиролцоонд хүрчээ.
Өмнөх шуурхай хурлуудаас сайдын өгсөн 180 үүрэг, даалгаврын 176 нь бүрэн биелсэн, дөрөв нь биелэх шатандаа байна.
“УБТЗ”-ын Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Батбадар Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Баянтүмэнд галт тэрэгний хөдөлгөөнийг гурван бүсэд хувааж халдвар хамгааллын дэглэмийг тусгай технологийн дагуу мөрдүүлж эхэлсэн байна гэж мэдээлэв.
Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “УБТЗ” хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.
- Төмөр замын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийг дахин байгуулах шийдвэр гаргах
- Эрээн-Замын-Үүд өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай нягт хамтарч ажиллах,
- Сүхбаатар зангилаанд ажилласан МХЕГ-ын шалгалтын үр дүнг хэлэлцэж бусад зангилаадад чиглэл өгөх,
- Хилийн Сүхбаатар, Замын-Үүд өртөө, Баянтүмэн тасагт маршрут тэмдэглэх картыг яаралтай хөтлүүлж эхлэх,
- Төмөр замын бүх байгууллагын бие засах, ариун цэврийн өрөөнүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, үйлчилгээний ажилтанд хяналт тавих, хяналтын хуудас хөтлөх,
- ОХУ-ын Өвөрбайгалийн төмөр замд халдвар хамгааллын талаар хил дээр гарч байгаа зөрчил, дутагдлын асуудлаар цахилгаан мэдээ явуулах,
- Салхит, Зүүнбаян, Замын-Үүдийн халаалтын тогоо, шаардлагатай сэлбэг материалын нөөцийг бүрдүүлэх,
- Шугам зам дагуу гүний болон зөөврийн худганд хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх,
- Шугам зам дагуу төмөр замын байгууллагын нүхэн жорлон, бохирын цооног тойруулж тусгай бүс гаргаж хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх чиглэл өглөө гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.