БНХАУ-ын Хубэй мужийн ардын Засгийн газар Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгсэл, шахмал цай хандивлажээ. Хандивын барааг гардуулан өгөх ёслол мягмар гаригт мужийн нийслэл Ухань хотноо болсон байна.
Хандивын багцад PCR шинжилгээний гурван детектор, нуклейн хүчил тодорхойлох тест 30000, 2000 ширхэг хар болон 20000 ширхэг ногоон шахмал цай багтжээ.
Эм эмнэлгийн хэрэгсэл нь Уханийн BGI Biotechnology (Wuhan) Co компанийнх бөгөөд дэлхийн 180 гаруй оронд экспортолдог чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм байна. Харин хар, ногоон цайг монголчуудын дуртай сүүтэй цайны үндсэн орц хэмээн сонгож авчээ.
Хандив гардуулах ёслолын ажиллагааны шууд дамжуулалт Sina Weibo сүлжээнд #HubeiDonatesMongoliaInReturn гэсэн хаштагаар байршсан бөгөөд нэг цагийн дотор 15 000 000 хүн үзсэн байна. Мөн эв найрамдал, хүн чанарын талаар олон эерэг сэтгэгдэл бичицгээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа цар тахалд нэрвэгдсэн Хубэй муж Ухань хотод 30 000 хонь хандивласан юм. Тухайн үед БНХАУ-ын дарга Ши Жинпинь “Надад дуслыг өгсөн ч эргүүлээд булаг мэт хариу барина” хэмээн эртний Хятадын зүйр үгийг хэлж байсан билээ.
Хонины махыг Ухань дахь цар тахлын голомтод ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад өгөх шийдвэр гаргасан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-наас эздэдээ хүрч эхэлсэн юм.
Eagle.MN