Эрдэнэсийн санд одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 1.7 сая ширхэг эд зүйлс хадгалагдаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эрдэнэсийн санг арвижуулах чиглэлээр УИХ-аас 2.0 тэрбум төгрөгийн төсвийг баталсан. 2018 онд 970 сая төгрөг, 2019 онд 917 сая төгрөгөөр тус тус Эрдэнэсийн санг баяжуулжээ.
Одоогийн байдлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхийг дэмжээд байна.
Хуулийн төсөл нь эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, уг харилцаанд төрийн байгууллагын эдлэх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн оролцоог тодорхойлж, зохицуулсан нийт 6 бүлэг, 18 зүйлтэй.
Эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, тус санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.