МУЗН, Монгол HD телевизтэй хамтран “Монголчууд гэртээ” онлайн тоглолтыг зохион байгуулж, цугласан хандивыг нийгэмлэгийн хэмжээнд орон даяар хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр хүртээж байгаа.
Энэ хүрээнд Баруун-Урт сумын зорилтот 100 өрхөд хүнсний бүтээгдэхүүний тусламж илгээснийг өнөөдрөөс эхлэн айл өрхүүдэд олгож эхэллээ. Нэг өрхөд 60 мянган төгрөгийн хүнсний багц олгох юм.
Баруун-Урт сумын хэмжээнд зорилтот бүлгийн 700 гаруй өрх бий. Энэхүү тусламжийг цар тахлын улмаас орлого нь буурсан болон нийгмийн халамж үйлчилгээг авч чадахгүй байгаа өрхөд олгох юм.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн ХХҮГ-аас судалгааг авч өрхүүдээ сонгосон. Өөрөөр хэлбэл Улаанзагалмай өөрөө төрдөө нэмэлт хүчин болон ажилладаг учраас бид аль болох төрийн халамж үйлчилгээнээс ангид айл өрхүүдийг сонгохыг хичээлээ. Багуудын ажлын хэсэгтэй хамтран эцсийн сонголтоо хийсэн.
Улмаар Баруун-Урт сумын есөн багийн 100 өрхөд тусламж маань хүрэх учиртай. Энэхүү дэмжлэгийг айл өрх бүрт нэг бүрчлэн хүргэн өгч байгаа.
Энэ ажлыг аймгийн ХХҮГ, ОБГ-тай хамтран хийж байна. Үүнээс гадна яг эдгээр өдрүүдэд Австралийн УЗН-ийн дэмжлэгээр 60 өрхөд, мөн МУЗН, Глобаль сантай хамтран хэрэгжүүлж буй ажлын хүрээнд сүрьеэгийн диспансерийн хяналтад байгаа зорилтот бүлгийн 30 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг явуулж байна. Өөрөөр хэлбэл Баруун-Урт сумын 190 өрхөд бид хүнсний бараа бүтээгдэхүүний дэмжлэгийг үзүүлж байна хэмээн аймгийн УЗХ-ны дарга Т.Содномцэрэн хэллээ.
Сүхбаатар аймгийн Улаанзагалмайн хорооноос коронавирусний цар тахал дэгдсэн цагаас хойш өнөөг хүртэл хүмүүнлэгийн ажлаа тасралтгүй явуулсаар байна.
Тодруулбал 80 өрхөд тусламж үзүүлж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ГБХЗХГ-тай хамтран зорилтот өрхийн 200 хүүхдэд дулаан хувцас, УЗХ-ны Хүүхэд залуучуудын хөдөлгөөний хамт олон 100 өрхөд хүнс болон хувцасны дэмжлэг үзүүлэх зэргийг санаачлан хэрэгжүүлжээ.
Мөн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд УЗХ-ны сайн дурын идэвхтнүүд 3000 гаруй зөвлөмж, тараах материалыг үйлчилгээний газрууд, ААНБ-уудад тараасан бол 30 сайн дурын идэвхтэн эдгээр өдрүүдэд гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавих ажлыг хийж төрдөө нэмэлт хүч болсоор байна.
Сүхбаатар аймгийн Улаанзагалмайн хороо