Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийн товыг тогтоох асуудлыг хэлэлцлээ.
Улмаар нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах төсөл боловсруулжээ. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр сонгуулийг хамт явуулахад хүндрэлтэй гэдгийг хэлж байлаа.
Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Хоёр сонгуулийг хамт явуулсан туршлага бий. Техникийн хувьд асуудал гарахгүй байх. Нөхөн сонгуулийг дангаар нь явуулбал нэг тэрбум гаруй төгрөгийн зардалтай гэж тооцсон байна.
Харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал 100 сая төгрөгийн зардалтай гэсэн тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар төсөл боловсруулсан. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг нэгдүгээр сард зарлана” гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нөхөн сонгуулийг 2021 оны аравдугаар сарын 20-нд явуулах горимын санал гаргаж байсан юм.
Гэвч санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүд нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахыг дэмжсэн байна
Б.Эрдэнэ