УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсан батлагдаагүйгээс үл хамаарч үүнээс илүү үйлчилдэг гэрээ байгаа. Монгол, Оросын 50, 50 хувийн эзэмшилтэй Улаанбаатар төмөр зам гэсэн компани 1949 оны гэрээгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанид Монгол Улсын Үндсэн хууль үйлчилдэггүй.
Үндсэн хуульд нийцээгүй олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй гэж хуульд заасан. Гэтэл 1949 оны Улаанбаатар төмөр замын гэрээнд Монгол Улс газар ашиглуулсны төлбөр, зарим төрлийн татварыг огт авдаггүй. Өөрөөр хэлбэл манай улсын газрыг хугацаагүйгээр ашиглаж байгаа.
Үндсэн хуульд Монгол Улсын газрыг гадаадын иргэн хуулийн этгээд хугацаатай, төлбөртэйгөөр ашиглана гэж заасан. 1949 оны гэрээ хууль зөрчсөн. Энэ хэзээ засагдах вэ? Монополь, Үндсэн хуулиас дээгүүр аашилдаг компани байж болохгүй.
2018 онд тухайн үед зам тээврийн дэд сайд байсан Б.Цогтгэрэл гэж хүн ОХУ-тай тарифын хэлэлцээр байгуулсан. Энэ нь 25 жилийн хугацаатай мөрдөх хэлэлцээр байсан. 1949 оны гэрээг өөрчлөхгүй. Өөрчилбөл тарифын хэлэлцээр хүчингүй болно гэдэг заалт оруулсан гэх мэдээлэл байна.
Үндсэн хуулиас давсан гэрээ байгуулах эрхтэй дэд сайд байж болох уу? Үүнийхээ хариуд ашиглах хугацаа нь дууссан 1,000 вагон оруулж ирсэн гэх асуудал яригдаж байгаа. Хэчнээн вагон орж ирсэн бэ. Албан тушаал авилгын гэмт хэргээр ял шийтгэгдсэн этгээд төрийн албанд ажиллахгүй гэж хуульд заасан.
Эрүүгийн ял авсан хүн одоо болтол төмөр замын салбарт даргаар ажиллаж байна.Танай салбарт авилгач хүн ажиллах ёстой юу” гэлээ.
Зам, Тээврийн Хөгжлийн Сайд Л.Халтар “Төмөр зам гэхээр Улаанбаатар төмөр замаа хараад байдаг ойлголт бид нарт байна. Говийн бүсийн төмөр замууд бий болж байна. Удахгүй 2021 онд ашиглалтад орно.
25 жилийн хугацаатай байгуулсан тухайн гэрээн дээр 1949 оны хэлэлцээрийг мөрдөж ажиллана гэдэг үг орсон юм билээ. Түүнээс тухайн хэлэлцээрийг өөрчлөхгүй гэсэн зүйл яригдаагүй. Гадаад яаман дээр 1949 оны хэлэлцээрийг өөрчлөөд ОХУ-ын талд өгсөн. ОХУ-ын талаас хараахан энэ асуудлыг яриагүй байна.
Засгийн газрын комиссын хурал болгон дээр үүнийг ярьдаг. Төмөр замыг барих үед Монголын талаас оруулсан ганц зүйл бол газар. Улаанбаатар төмөр замыг байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт Монгол Улсын хуульд захирагдана гэсэн нэг тодорхой заалт бий.
Тухайн хүмүүсийг өмнө нь ямар байсныг мөрдөгч биш болохоор сайн мэдэхгүй байна. Ажилд авахдаа АТГ-аас лавлагааг нь авдаг. Ёс зүйн хорооныхонд чиглэл өгсөн” гэв.