УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
УИХ-аас Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд баталж, 2012, 2015, 2017 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Төмөр замын тээврийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх зарим харилцаанаас гадна тулгамдсан олон асуудал гарч, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүсээд байна.
Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Төмөр замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээг тус тус үндэслэн энэ хуулийн төслийг боловсруулсныг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 72 зүйлтэй бөгөөд төмөр замын дэд бүтцийн ангилал, өмчлөл, эзэмшил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн үйлчилгээ, төмөр замын тээврийн зориулалттай газар, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн тэдгээрийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, төмөр замын сүлжээ байгуулахад баримтлах зарчим, тээвэрлэлтийг төрөл ангиллын дагуу зохион байгуулах зохицуулалтыг тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа зөрчил, давхардал болон зохицуулалтгүй байгаа зарим харилцааг хуульчлах замаар эрх зүйн орчин сайжран, төмөр замын тээврийн салбар хөгжиж, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой, эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн орчин сайжрах юм.
Мөн тэдгээрийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалт боловсронгуй болж, инновацийг нэвтрүүлэн салбарын шинэ бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцоллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Х.Ганхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авлаа. Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулахаар болов.
УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс