Сангийн сайд Ч.Хүрэлбаатар COVID-19-ийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахалж буй юм. Коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх асуудлаар тэрбээр Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай уулзалт хийж байна.
Сангийн сайд өнөөдөр Энэтхэг Улсын Элчин сайд М.П.Сингхтэй уулзаж COVID-19-ийн эсрэг вакцины үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар ярилцжээ. Энэтхэгт үйлдвэрлэгдэх Пфайзер (Pfizer India), АстраЗенека (AstraZeneca India) компаниудын вакцины талаар мэдээлэл солилцлоо. Энэтхэг Улс цар тахлын эсрэг Новавакс (Novavax) вакцин гаргаж аваад байгаа бөгөөд тэр нь туршилтын 3 дугаар шатанд яваа юм байна.
Японы Элчин сайд Кобаяаши Хироюүкитэй мөн уулзалт хийж, вакцины асуудлаар санал солилцон зөвлөлджээ. Цар тахлын амаргүй үеийг даван туулахад зориулж Японы Засгийн газраас 233 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулсан байна.
Л.Баяр