МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж, 17 хүн материалаа ирүүлсэн байгаа. Ерөнхий захиралд тавигдаж буй сонгон шалгуурт хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жил хашсан байх үзүүлэлт багтаж буй. Гол өрсөлдөөн сэтгүүл зүйн салбарт ажиллаж, олон нийтэд танигдсан сэтгүүлчид дунд өрнөж магадгүй байна.
С.Баярмөнх: Хуучнаар ЗХУ-ын Львов хотод Цэрэг, улс төрийн дээд сургуулийг цэргийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Баянхонгор аймгийн уугуул. Бүх цэргийн төв хэвлэл “Улаан-Од” сонины нийгэм улс төрийн хэлтсийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхлүүлсэн. “Сэрүүлэг” сонины эзэн, “TV8” телевизийг үүсгэн байгуулагч гэдгээр нь сэтгүүлзүйн салбарынхан төдийгүй нийгмийн салбарынхан андахгүй. Чөлөөт хэвлэл болон чөлөөт телевизийн нийтлэл нэвтрүүлгийн бодлогыг шинэчлэх, зах зээлийн нийгмээс хойшхи шинэ цаг үед нутагшуулах анхны туршилтууд, санаануудыг хэрэгжүүлсэн Монголын сэтгүүлзүйн магнатуудын нэг. МАН-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Гадаад харилцааны яамны дипломат үйлчилгээний газрын дарга, Эрчим хүчний салбарт мөн өндөр албан тушаал хашиж байсан. Одоо УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байгаа.
Р.Гандиймаа: МУИС болон БНТУ-ийн Гази Их сургууль, Удирдлагын академи, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсийг тус тус төгсөж, БНХАУ-ын Бээжингийн их сургуульд Сэтгүүл зүйн магистр хамгаалсан. ММ агентлагт орчуулагч-редактор, сурвалжлагч-редактор, тоймч, продюсер, МҮОНТ-ийн захирал, ММ сувгийн захирал хүртэл 18 жил ажилласан. Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийн нэг. 2011 оноос эхлэн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр эдийн засгийн мэдээлэл эхлүүлж, “Мөнгөний эргэлт” бие даасан нэвтрүүлэг бэлтгэн, хөрөнгийн зах зээлийг сонирхогчдод биржийн хувьцаа, арилжааны талаар мэдээлэл өгч эхэлсэн. 2016 онд Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран санхүүгийн зах зээлийн нэг багана болсон хөрөнгийн зах зээлийг сурталчлах “Ногоон сум” нэвтрүүлгийг санаачилсан. Тус нэвтрүүлэг анхны дугаараасаа олон нийтээс үнэлгээ авч, МҮОНТВ иргэдээ соён гэгээрүүлсэн, унтаж буй зах зээлийг сэрээсэн өрсөлдөөнт шоуг амилуулж чадсан. МҮОНТ-ийн захирал, ММ сувгийн захирлаар ажиллаж байхдаа тайз дэлгэж, эфирийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж чадсан.
Г.Гэрэл: 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992 онд нийслэлийн 23-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийг Олон улсын сэтгүүлч мэргэшлээр, 2019 онд Эдийн засгийн үндэсний дээд сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Солонгос Англи хэлтэй. МҮОНРТ-ийн 2001 оноос эхлэн Өглөө хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж, 2006 оноос МҮОНРТ-д тасралтгүй 14 жил сурвалжлагч, хөтлөгч, редактор, албаны дарга, ерөнхий редактор, маркетинг стратегийн хэлтсийн дарга, дэд захирлын албан үүрэг гүйцэтгэж байна.
Б.Хажидмаа: МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг 2003 онд Олон улсын сэтгүүлч мэргэшлээр баклавр, 2005 онд сэтгүүлзүйн магистраар төгссөн. 2014 онд БНСУ-д Засгийн газрын тэтгэлэгээр Төрийн удирдлагын магистр хамгаалсан. Ажлын гараагаа үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-оос эхлүүлжээ. “Монголын үнэн” сонины орлогч эрхлэгч, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажилласан. Одоо УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төвийн захирал. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон “МИ-8” нисдэг тэрэгний осол, 2008 оны долдугаар сарын 1-ны үйл явдал, газрын наймаа зэрэг нийгмийн эмзэг асуудлуудын мөрөөр эрэн сурвалжилсан нийтлэл сурвалжлагуудаараа сэтгүүлзүйн оны шагналууд, “Хэвлэлийн эрх чөлөөний төлөө” анхны шагналыг хүртэж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд хамгийн ойр, хамааралтай, оролцоотой улстөрч, иргэний нийгмийн төлөөллүүдийн ярилцлага, сурвалжилгаас бүтсэн “Долдугаар сарын 1: Миний хуурцагт” ном нь сэтгүүлзүйн төдийгүй, улс төр, түүхийн архив гэж үнэлэгддэг. Зөвлөлдөх ардчиллыг хэвлэл мэпээллийг хэрэгслээр сурталчилан таниулах, түүний зарчмаар “Элэг бүтэн Монгол” хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах ажлын медиа модератороор ажиллажээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгүүд Зөвлөлдөх ардчиллын зарчимаар хийгдэж, Засгийн газрын томоохон зорилтуудын нэг нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болсон байна.
Н.Дэмбэрэл: Баянхонгор аймгийн уугуул. ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Монголын анхны интернетээр хямдхан яриулах технологийг нутагшуулж, “Статус ком” компанийг үүсгэн байгуулж, 2000 оны эхэн үеэс орчин үеийн сонгуулийн технологи, PR-ын чиглэлээр дагнан ажилласан. НЗДТГ-т Олон нийттэй харилцах албыг байгуулан даргаар нь ажилласан. 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МҮОНТВ-ийн дэд захирал зэрэг ажил албыг хашиж байсан. Мөн МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, 2017-2019 онд Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан.
ТВ-ийн салбарт эргэлт хийж 2011 онд NTV-тэй хамтран XX зууны дэлхийн монгол хүн Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн тухай нэвтрүүлгийг бэлтгэсэн. Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллахдаа Монголын түүхийг сурталчилан таниулах, салбаруудын хөгжлийн стратегийг тодорхойлох томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн.
Э.Дагиймаа: МУИС-ийг 1996 онд төгссөн, хэвлэл мэдээллийн салбарт 24 жил ажиллаж байгаа. Монголын Радио Телевизийн хэрэг эрхлэх газрын “Соёл–Эрдэнэ” редакцаас ажлын гараагаа эхэлж Японы телевизийн “Цуутнуудын амьдрал” цуврал нэвтрүүлгийг орчуулан үзэгчдийн хүртээл болгож, үдшийн “ТВШ” шөнийн хөтөлбөрийн редактороор ажиллаж байсан. 1998 оноос “ММ” агентлагт сурвалжлагч, парламентын сэтгүүлчээр ажиллаж Хүчирхийлэлийн эсрэг төвтэй хамтран бэлтгэсэн цуврал нэвтрүүлгээрээ Эмнести Интернешнл Байгууллагын дээд шагналыг хүртэж байсан.
2002 оноос эхлэн ТВ5 телевизийн Ерөнхий редактороор ажиллаж “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоу, “Зохиогчийн хөтөлбөр”, “Улсын хөгжил сумаас” зэрэг нийгэм, эдийн засаг улс төрийн асуудал хөндсөн цуврал ярилцлага, нэвтрүүлгийг хөтөлж, олон нийтийн хүртээл болгосон. Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж, ТВ-ийн шинэ контент бэлтгэх, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг шууд дамжуулах ажлыг зохион байгуулж, 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан.
М.Амарбаяр: Нийслэлийн “Дөрвөн-уул” радиод редактор, “ММ” агентлагт сэтгүүлч, тоймч, захирал, Батлан хамгаалах яамны харьяа “Дуулга” студийн захирал, “Нээлттэй нийгэм форум”-ын ТВ хөтөлбөр, “Форум” нэвтрүүлэгт редактор, “ТВ-5” телевизийн улс төр, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан. “ТВ5” телевизийн бүтээл “Ажлын дараа” нэвтрүүлгээр олны танил болсон. Одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байна.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллахдаа “1072 хувьцаа Мэдээллийн төв”-ийг ажиллуулж, компанийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, мөн нэрлэсэн үнээр нь худалдаж авсан аж ахуйн нэгжүүдэд тогтмол мэдээлэл өгч, иргэд рүү чиглэсэн олон нийтийн ажилаа амжилттай эрхэлсээр байна.
Н.Болормаа: Тэрбээр, Монголын үндэсний телевизэд ажиллаж байхдаа эдийн засгийн сэтгүүлзүй хэмээх салаа мөчрийг хөгжин бэхжихэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн. Н.Болормаа зөвхөн мэргэжлээрээ явцуурдаггүй, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүтгэлээ зориулдаг, олон нийтийн ажилд идэвхтэй, шулуун шудрага, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй нэгэн гэгддэг. “Плэйбой Монголиа” сэтгүүлийн ерөнхий редактороор ажилласан. Ингэхдээ дэлхийн 37 орныг эгнээндээ нэгтгэсэн хэвлэл мэдээллийн корпораци “Плэйбой Интернэшнл Ентерпрайсес”-ийн удирдлагын багтай 4 жил ажилласан нэгэн. Энэ бол гадаад хэлний мэдлэг өндөр, шинэ цагийн сэтгүүлч болохыг нь илтгэнэ. Монголд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт олон улсын франчайзинг нэвтрүүлсэн анхдагчдын нэг юм.
Б.Цондовдорж: Төв аймагт төрсөн. Цэргийн нэгдсэн дээд сургууль, ШУТИС-ийг төгссөн. МҮОНРТ-ийн сэтгүүлч, редактораар ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАХН, ИЗНН, БНН-ын эвслээс Төв аймагт нэр дэвшсэн. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд өрсөлдөхөө мэдэгдсэний дараа МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар сонгогдсон мөчөөс эхлээд намын эрх ашиг,бизнесийн сонирхол, хувь хүний дадал зуршил гээд маш олон зүйлээс татгалзаж, таны удирдахаар очиж буй энэ байгууллагын өмчийн эзэн болох Монгол улсын 3 сая гаруй иргэний хараа хяналтан дор зөвхөн тэдний хүсэл зорилгод нийцүүлэн, хууль, ёс суртахууны асар өндөр хариуцлага хүлээж ажиллах уриалгыг гаргасан.
А.Бүрэнбаатар: HD Монгол телевизэд нийгэм улстөрийн нэвтрүүлгүүд хөтөлж олны танил болсон. МҮОНТ-д мөн уран сайхны нэвтрүүлгүүдийн санаачлан хийсэн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруулж, сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах талаар мэдэгдэл хийж, олны анхаарлыг татаж байсан.
UPDOWN.MN