АНУ-ын иргэн, 8 настай Жозеф Дин хүү Калифорни мужийн кибер спортын мэргэжлийн Team 33 клубтэй гэрээ байгуулж, кибер спортын түүхэн дэх хамгийн залуу мэргэжлийн тамирчин боллоо.
Тоглогч хүү 33 мянган ам.долларын шагналаас гадна 5 мянга гаруй ам.долларын үнэтэй шинэ компьютер авах юм байна. Ингээд Fortnite-ийн багийн бүрэлдэхүүнд орохоор болж байгаа аж. “Олон баг намайг хэтэрхий жаахан гээд багтаа авахгүй байхад Team 33 багийнхан надтай хамт өдөр болгон сургуулилт хийхээ зөвшөөрсөн. Би багийн бүрэн эрхт гишүүн нь болсондоо баяртай байна” гэж хүү хэлжээ.
33 Gosu никнэймээрээ алдартай Жозеф Дин хүү ийнхүү мэргэжлийн кибер спортоор хичээллэдэг анхны залуу тамирчин болж байна. Харин Нью-Йорк мужийн Виктор де Леон хүү 4 настайдаа кибер спортын тэмцээнүүдэд оролцож, 7 настайдаа Halo тоглоомын дэлхийн томоохон тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байсан юм.